Аутизмтай төрсөн нь хүүхдийн буруу биш


Монгол Улсад сүүлийн 9 жилийн хугацаанд аутизмтай хүүхэд 57 дахин нэмэгдсэн гэх мэдээллийг өчигдөр харлаа. Эмзэглэмээр бас эргэцүүлмээр. Энэхүү мэдээллийг хараад хамгийн түрүүнд яагаад гэдэг асуулт толгойд эргэлдэв. Яагаад аутизм гэдэг эмгэг монголчуудыг нөмрөв. Үүний гол шалтгаан яг юу вэ?


Аутизм бол XXI зууны тахал хэмээгдэх маш өргөн тархаж буй эмгэг. Аутизмыг хүмүүс өвчин хэмээн ойлгодог. Гэвч энэ нь өвчин биш. Тархины үйл ажиллагаа саатах нэг төрлийн эмгэг буюу нийгмийн харилцааны бэрхшээл юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар 100 хүүхэд тутмын 1 нь аутизмтай байна. Өөрөөр хэлбэл. Дэхийн хүн амын 1% буюу 70 сая хүн аутизмын хүрээний эмгэгтэй. Харин манай улсад, зөвхөн 2023 онд СЭМҮТ-д 679 хүүхэд, бусад эмнэлэгт 1301 хүүхэд аутизмтай гэж оношлогджээ. Энэ эмгэг нярай хүүхдэд 6 сартайгаас илэрч эхэлдэг ба 18 сараас, 3 настайд нь бүрэн оношлох боломжтой болдог байна.


ДЭМБ-аас аутизмыг эрт илрүүлбэл хүүхэд нийгэмших, өөрийн чадварыг олж нээхэд тустай гэж зөвлөдөг. Гэвч залуу гэр бүл, эцэг эхчүүд аутизмын шинж тэмдэг илэрсэн ч эмнэлэгт хандахгүй удах, манай хүүхэд ийм байх боломжгүй гэж хойш тавих асуудал нэг биш удаа гардаг байна. Харин зарим гэр бүл эрт оношлуулж, хүүхдэдээ илүү их анхаарал халамж тавьж, хөгжүүлж эхэлдэг юм.

Б.Туяа гэх эмэгтэй цахим хуудсандаа ийн постолжээ. “Анх хүүхдээ аутизмтай гэдгийг нь сонсоход, тэнгэр нураад ирэх шиг л болсон. Эмнэлэг дотор уйлж, эмчдээ гомдож, олон тийш утасдсан ч яах аргагүй бүх шинж тэмдэг нь таарч, эвлэрэхээс өөр аргагүйд хүрсэн. Гол нь цаашдаа юу хийх ёстой вэ? Яавал хүүгээ энгийн хүүхэд шиг болгох вэ гэж бодон, цэцэрлэгт явуулсан. Өдөр бүр нэг шинэ зүйл сурч ирдэг. Хүү маань монголоос илүү англиар ярих дуртай. Магадгүй өөрт нь арай амархан байдаг байх. Англи, монголоор хэд бол хэд хүртэл тоолно. Хүүдээ юм цээжлүүлэхийн тулд 1 л удаа хэлэхэд хангалттай гэдгийг ойлгосон. Аутизмтай хүүхдийг зөв, сайн үйлдэл хийхэд нь байнга “Мундаг байна. Сайн байна” гэж магтаж ,урамшуулж байх ёстой. Тийм ч болохоор манай гэр бүлд байнгын алга ташилт, баяр хөөр болж байдаг. Мэдээж дандаа сайхан ааштай, жаргалтай байна гэж юу байх вэ? Хааяа бөөн уйлаан болно. Хүссэн юмыг нь өгөхгүй, хийхгүй байвал уурлана, толгойгоо савна, хамаг тоглоомоо шиднэ. Гэх мэтчилэн адал явдлаар дүүрэн. Заримдаа би өөрөө шантарна, хямарна, уйлна.” Яагаад заавал миний хүү ийм болчхов, яагаад” гэж заримдаа өөрөөсөө асууна. Заримдаа шөнөжин уйлж, унталгүй үүр цайлгана. Гэвч бидний амьдрал аз жаргал, адал явдлаар дүүрэн байдаг. Эрт мэдэж, эрт арга хэмжээ авбал илүү үр дүнтэй. Зарим эцэг эх энэ эмгэгийг хүлээн зөвшөөрч чадахгүй, цаг их алддаг. Битгий тэгээрэй” гэжээ.

Аутизмыг эрт илрүүлэх, тэднийг дэмжих, хайрлах, найз нөхөдтэй болоход туслах нь тэдний төлөө хийж буй хамгийн том ач тус юм. Ийм эмгэгтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд “Хүүхдээс маань илүү, хүмүүсийн хандлага сөргөөр нөлөөлдөг” гэж хэлж байв. “Яагаад танай хүүхэд ийм болчхов. Жирэмсэн байхдаа архи, тамхи хэрэглэсэн үү. Удамшил уу?” гэх мэт сэтгэл эмзэглэмээр асуултыг шууд тавьдаг. Гэвч энэхүү эмгэгт удамшил, эцэг эх, архи, тамхи огт нөлөөлдөггүй болохыг эрдэмтэд нотолсон. Харамсалтай нь аутизм яагаад үүсдэгийг Дэлхийн мундаг эрдэмтэд, өндөр хөгжилтэй орнууд ч нотлоогүй, судалсаар байна.

Манай улсад аутизмтай хүүхдүүдийн тусын тулд авдаг арга хэмжээ ховорхон. Нэг талдаа хаягдмал гэж хэлж болно. Ямар ч зохицуулалт байхгүй. “Асах гэрэл баясал”, “Анүүлэн аз жаргал”, “Гайхамшигт ертөнц” гэх 6-7 хувийн байгууллага тэдний төлөө үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын ихэнхийг нь аутизмтай хүүхдүүдийн ээж аав байгуулжээ.

Аутизмтай төрсөн нь тэдний буруу биш. Гэвч манай улсын ихэнх сургууль, цэцэрлэгт ийм хүүхдүүдийг гадуурхдаг хэвээр. Хувийн зарим цэцэрлэг аутизмтай хүүхдийг огт авдаггүй.

Одоогоор ийм эмгэгтэй хүмүүсийн 10% нь ажил хийдэг, 5% нь найзтай. Зарим нь гэр бүлтэй болдог гэх судалгаа бий. Энэ тоог нэмэх, хасах нь аутизмтай хүүхдүүдийн төлөө хийх ажил, тэднийг хайрлах сэтгэл, эрт илрүүлэх зэрэг олон хүчин зүйлээс хамаарах юм. Бүх хүүхэд ижил тэгш хайрлагдах, сурч боловсрох орчин бүрдүүлэх хэрэгтэй.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *