Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын дүр бүхий “Н.Норовбанзад” 2 унцын мөнгөн дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж худалдаанд гаргалаа.
Ардын жүжигчин Н.Норовбанзадын уран бүтээл нь “ЮНЕСКО”-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр бүртгэгдсэн бөгөөд Монгол үндэстэн, угсаатан, ястны эрт дээр үед бүтээж, олон зуун жилээр өвлөн эзэмшиж, хөгжүүлж ирсэн соёлын өвөрмөц, гайхамшигт өвийн нэг болох монгол ардын уртын дуу нь хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотолж, дэлхий дахинд баталгаажуулж, уянгалаг цээл хоолой нь дэлхийн олон оронд шуранхайлж, монгол ардын уртын дууны гайхамшгийг таниулж, бишрүүлсэн билээ. Түүнчлэн, тэрээр Москва хотод болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль, Японы Фүкүокагийн Азийн соёлын шагнал зэрэг олон улсын шагналыг хүртсэн юм.
Монголбанкнаас улс орны түүхэн үйл явдал, алдар цуут хүмүүс, өв соёл, спортын амжилт үзүүлсэн гавьяатнуудыг онцлон дурсгалын зоос гаргадаг уламжлалтай бөгөөд “Намжилын Норовбанзад” дурсгалын мөнгөн зоосыг 2 унц буюу 62.2 гр жинтэй, 38.61 мм диаметртэй, смартминтинг, хай рилийф (Smartminting, High Relief) технологиор Койн Инвест Траст компанид үйлдвэрлүүлэн худалдаанд гаргажээ.