Р.Саруултөгс: Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла


Өчигдөр (2024.12.03) Erennews.mn сайтын ерөнхий эрхлэгч Р.Саруултөгс, Монголын сэтгүүлчдийн нэгд сэн эвлэл (МСНЭ)-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Р.Саруултөгстэй ярилцлаа.

-Та УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярын тухай “Б.Энхбаяр хятадуудаас сонгуулийн мөнгөө босгосон уу?” нийтлэлээ ямар баримтад тулгуурлаж, хэр удаан бичсэн бэ?

-Энэ нийтлэлийг бичих болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар есхөн сар ажиллахдаа хоёр компанийн өмчийн маргаанд хөндлөнгөөс оролцож, шүүхээс давсан эрх мэдлийг гаргаж, албан даалгавар үйлдсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон Хил хамгаалах ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн. Энэхүү албан даалгавар нь маш өндөр мөнгөн дүнтэй.

Б.Энхбаяр гишүүний албан даалгаврыг сэтгүүлч хүний өнцгөөс харахад шүүхийн эрх мэдлээс давсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн гаргах ёстой юу гэдгийг хууль хяналтын байгууллагад шалгуулъя гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, шүүх дээр хэлэлцэж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” болон “Аюуд” ХХК ком панийн өмчийн мар гаантай асуудалд яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайд хөндлөнгөөс давхиад орчихдог юм бэ. Б.Энхбаяр гишүүн хөндлөнгөөс орж ирээд албан даалгавар бичээд, ажлаа хийсэн төрийн албан хаагчид хариуцлага тооцсон. Энэ нь хууль бус юм гэсэн утгатай нийтлэл бичсэн. Үүнд ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биш үү.

Энэ албан даалгаврыг гаргасан зүйл заалтаар нь шалгаад өгөөч гэж хууль хяналтын байгууллагад хандах гэж байгаа. Үүнийг хуулийн байгууллага л шийднэ. Энэ тухай мэдээллүүд өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Тухайн үед Б.Энхбаяр мэдээлэл өгөхдөө зөвхөн өөрийнхөө л үзэл бодлыг илэрхийлээд, төрийн албан хаагчдыг буруутай мэтээр олонд тайлбарлаж байсан. Энэ асуудлыг би наймдугаар сараас хойш бичье гэж бодоод, нотлох баримтуудаа цуглуулж байсан. Гэтэл албан даалгавар гэдэг зүйл ороод ирсэн. Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа энэ компанитай холбоотой асуудлыг ярьж байсан. Гэхдээ Б.Энхбаяр шиг албан даалгавар гаргаж байгаагүй. Б.Энхбаяр яагаад албан даалгавар гаргасан, үүний цаана ямар ашиг сонирхол байсан, магадгүй үүнээс сонгуулийнхаа мөнгийг босгочихсон юм биш үү гэсэн хардлага сэтгүүлч хүний хувьд надад төрсөн учраас энэ албан даалгавар ноцтой юм байна гэж үзсэн. Би Б.Энхбаяр хятадуудаас сонгуулийн мөнгөө авсан байна гэж бичээгүй. Хятадуудаас мөнгө авсан байж болзошгүй гэдэг үүднээс нийтлэлээ бичсэн.

Гэтэл Б.Энхбаяр гишүүн өөрийн твиттер хуудастаа “Чадах юм нь л Хятадтай холбох. Өөрсдөө нөгөө яриад байдаг нүүрсний машин авсан гаруудын л нэг шүү дээ” гэдэг зүйлийг бичсэн байсан. Надад нэг ширхэг нүүрсний машин байтугай нүүрсний хэлтэрхий байхгүй.

-Та хууль шүүхийн байгууллагад хандсан уу?

-Хууль хяналтын байгууллагад хандах болсон гурван шалтгаантай. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр хуулийг маш сайн мэддэг хэрнээ яагаад хятад компанид илтэд давуу байдал олгож, албан даалгавар үйлдэж, төрийн албан хаагчид хариуцлага тооцох тухай асуудал ярьсан юм бэ. Хоёрдугаарт, Б.Энхбаяр ноднин жилийн 12 дугаар сард нүүрсний сонсгол хийх үеэр “NTV” телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо “50 сэтгүүлч нүүрсний машинтай” гэж зарласан. Энэ үнэн бол Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла. Гуравдугаарт, Би Б.Энхбаяр гэдэг хүний хууль бус үйлдийг бичсэний төлөө “Нүүрсний машинтай гаруудын нэг” болсон учраас надаас уучлалт гуй, эсвэл нотлох баримтаа гаргаж ир. Энэ гурван үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандаж байгаа. Үүнээс хамгийн ноцтой нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хятад компанид илтэд давуу байдал олгосон албан даалгавар бичсэн явдал. Энэ бол Хууль зүй, дотоод хэргийн сайд хүний хувьд байж боломгүй хуулийн алдаа гэж үзэж байна.

-Та хэвлэлийн хурлын үеэр “Б.Энхбаяр гишүүний талаар хэн нэгэн сэтгүүлч сөрөг зүйл бичвэл түүнийг нүүрсний машинтай гэж хэлж магадгүй” гэж яагаад хэлэв?

-Би Б.Энхбаярын албан даалгавартай холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгосныхоо төлөө нүүрсний машинтай 50 сэтгүүлчийн нэг болчихлоо. Магадгүй хэн нэгэн сэтгүүлч Б.Энхбаяртай холбоотой мэдээ, нийтлэл гаргасныхаа төлөө “нүүрсчин” гэж цоллуулахыг үгүйсгэхгүй. Хамгийн анх Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нүүрсний машинтай гэж төрийн ордонд зарласан шүү дээ. Тэр үед Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг хүмүүс сошиалаар “Чи нүүрсний машинтай юм байна, баян юм байна” гэж хэлж байсныг уншигчид санаж байгаа байх. Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг нүүрсний машинтай гэдгийг Б.Энхбаяр гишүүн өөрөө нотлоогүй. Н.Өнөрцэцэг сэтгүүлч Б.Энхбаяр гишүүний Боловсролын зээлийн сантай холбогдох асуудлыг олон нийтэд мэдээлснийхээ төлөө нүүрсний машинтай гэдэг нэр авсан.

-Сэтгүүл зүйн салбарын нэр хүнд яагаад уначихав аа. Сэтгүүлчдийн мэдлэг, ур чадвар дутмаг байгаад байна уу?

-Улстөрчдийн олон нийтэд хүргэж байгаа мэдээллийг сэтгүүлчид л хүргэж байгаа. Сэтгүүлчид байхгүй бол тэд оршин тогтнохгүй. Тэд хэдийгээр өөрийн эзэмшлийн х эвлэл мэдээллийн байгууллагатай боловч олон хүнд түгээж чадахгүй.

Зөвхөн Б.Энхбаяр гишүүн ч биш, өөр ямар ч хүн алдаа гаргах, ажлаа хийж байгаад шүүмжлэлд өртөх зүйл байх ёстой. Түүнийг нь бичсэнийхээ төлөө сэтгүүлчид гүтгүүлж, доромжлуулж болохгүй. Сэтгүүлчид огт алдаа гаргадаггүй юм биш. Гэхдээ Б.Энхбаяр гишүүн шиг олон нийтэд худал мэдээлэл өгч, сэтгүүлчдийн нэр хүндэд халдана гэдэг хууль бус хэрэг. Тиймээс сэтгүүлчдээ нэр төрөө хамгаалаач ээ. Битгий захын нэг хүнд өөрсдийгөө доромжлуулаад, гүтгүүлээд байгаач ээ. Ингэх бүрд салбарын маань нэр хүнд унаад байна. Энэ нь ард түмэнд муухай харагдаж байна. Бид салбарынхаа нэр хүндийг хамгаалах хэрэгтэй байна.

Залуу сэтгүүлчдэд хандаж хэлэхэд, бичих гэж байгаа зүйлээ маш сайн ойлго. Тухайн хүнээ сайн судал, баримт дээрээ сайн ажилла. Ингэж бичсэн нийтлэл нэгдүгээрт, хүнд хүрдэг. Хоёрдугаарт, таныг эрсдэлд оруулахгүй мэдээ мэдээлэл болно. Өдөр тутмын сонинд 10 жил ажиллахдаа сурсан ганц зарчим минь энэ. Нотлох баримтгүйгээр бичиж болохгүй. Монгол Улс хуультай улс шүү дээ. Хэнийг ч нотлох баримтгүйгээр бүү гүтгэ. Энэ бол байж боломгүй асуудал.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: Сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө явж чаддаггүй, саналаа хэлдэггүй

Мөн хэвлэлийн хурлын үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэлсэн үг эндээ “МСНЭ бол гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Өнөөдөр Монголд 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Тэнд ажиллаж байгаа ажилчид МСНЭ-ийн гишүүн гэж явдаг. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс ирсэн хүсэлт бүрд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж ажилладаг. Erennews.mn сайтын сэтгүүлч Р.Саруултөгс надтай уулзаж, энэ асуудлаа хэлсэн учраас хэвлэлийн хурлыг нь дэмжин ирж байна.

Сэтгүүл зүйн салбарын нэр хүнд унаж байна. Үүнд бид өөрсдөө буруутай. Бид нэгдэн нийлж чадахгүй байгаа зэрэг асуудал бий. Ноднин “50 нүүрсний машин сэтгүүлчдэд тараагдахад бэлэн болсон. Шинэ нь 400 сая төгрөг, багадаа 200-300 сая төгрөгний үнэтэй байдаг” гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар бид холбогдох байгууллагад нь хандсан боловч тодорхой хариу өгөөгүй. Ер нь өндөр албан тушаалтнууд манай салбарыг элдвээр хэлдэг. Тэр бүрд нь холбогдох байгууллагад нь ханддаг. Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар сонгуулийн өмнө “Сэтгүүл зүйн салбар тэр чигтээ шантааж хийдэг” гэж хэлж байсан. Энэ болгонд нь бидний зүгээс “Үүнийгээ нотло, уучлал гуй” гэсэн хариу хэлдэг боловч ямар нэгэн хариу өгөөгүй.

НЗДТГ-ын дарга П.Хадбаатар гэсэн гарын үсэгтэй “Бид буруугүй юм байна. Та бүхэнд гомдол байгаа бол хууль хяналтын байгууллагад шалгуулж шийдүүлээрэй” гэсэн бичиг ирсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд битгий хэл дурын иргэн биднийг элдвээр хэлдэг болсон. Жишээлбэл, саяхан шонхор шувуутай холбоотой асуудал гарсан. Гэтэл энэ асуудлын араас явсан хэвлэл мэдээллийн бүх ажилчдыг арабуудаас 500 орчим сая төгрөгийн хахууль авсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийн дагуу бид ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хандсан. Тус албанаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хэргийг шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар тогтоосон. Гэтэл сонгуулийн дараа биднээс нэгэнтэй нь ч уулзаагүй хэрнээ нэг прокурор “Хохирсон хүн байхгүй учраас энэ хэргийг хаалаа” гэж утсаар ярьсан. Яагаад хохирогч байхгүй гэж. Манай салбар тэр чигтээ хохирчихоод байна шүү дээ. Арабуудаас хэн мөнгө авсан юм бэ. Түүнийгээ л нотолчих. Бид энэ асуудал дээр дахин гомдол гаргасан. Энэ бол сэтгүүл зүйн салбарын нэр хүндтэй холбоотой асуудал. Үүгээр дамжуулж хэн дуртай нь манай салбарыг элдвээр хэлдэг болжээ гэдгийг хэлэх гэсэн юм.

Сэтгүүлч Р.Саруултөгс энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. МСНЭ-ийн зүгээс уучлал гуйхыг шаардана. Нүүрсний машинтай 50 сэтгүүлчийг зарлах ёстой. Үүнийгээ нотлох ёстой. Үгүй гэвэл мэдээллээ нотлоогүй хэрнээ жирийн нэг сэтгүүлч яриад эхлэхээр “Нүүрсний машинтай сэтгүүлчийн нэг нь л байна даа” гэж ярьж, бичиж үнэхээр болохгүй. Энэ бол манай салбарын нэр хүндэд ноцтой халдаж байгаа үйлдэл учраас уучлал гуй. Үгүй бол хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхийг МСНЭ дэмжиж ажиллана.

Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд шинэчилсэн найруулга хийх гэж байна. Энэ талаар бүх салбараараа хэлэлцсэн. Сэтгүүлчдийг идэвхитэй оролцоорой гэж их уриалсан. Гол нь сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө явж чаддаггүй, саналаа хэлдэггүй. Араас нь ингэх байсан юм, тэгэх байсан юм гээд хойноос нь ярьж халагладаг. Одоо бид нэгдэх цаг болсон. Хамтдаа салбарынхаа нэр хүндийг өсгөцгөөе” гэсэн юм.

Ө.Анхзаяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *