ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.04/ хуралдаан 10 цаг 47 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  61.5 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолд Төсвийн байнгын хороо 12 дугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгасан байв.

Хуралдаан Аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

“Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх төрийн аудитын сэдэв”-ийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Тэрбээр, Төрийн аудитын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд болон бодлогоор гүйцэтгэх 28 аудитын сэдвийг судалж бэлтгэн тэдгээрээс хуульд заасны дагуу хийх 17, бодлогоор гүйцэтгэх аудитын 11 сэдэв байна. Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон улс, орон нутгийн төсөвт байгууллага, тусгай сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэж байлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Өрийн удирдлагын тухай, Газрын тосны тухай, Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “Улсын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл”, “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт”, “Газрын тосны өр өртөг, нөхөгдөх зардал баталгаажуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн” зэрэг сэдвээр аудитыг гүйцэтгэнэ. Төсөлд хүргүүлсэн аудитын сэдвээс гадна Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагт дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг бодлогоор төлөвлөж гүйцэтгэх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Б.Түвшин, Г.Дамдинням, Д.Батлут, Х.Булгантуяа, З.Мэндсайхан нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Засгийн газрын 25 тусгай сангуудын найм нь хуультай, 17 нь  журмаар зохицуулагддагаас төсвийн хариуцлага, сахилга бат сул байгаа тул төрийн аудитын хийж, үр дүнгийн тайланг сонссоны дараа Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, нухацтай ажиллах шаардлагатай гээд Ахмадын санд аудит хийх учир шалтгааны талаар тодруулав.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Ахмад настны тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд Ахмадын сан байгуулах асуудал учир дутагдалтай, хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн 14.7-д Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээнд зориулан аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулах бөгөөд сан байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална гэж заасан. Иймд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учир шалтгааныг тодруулахаар аудит хийнэ хэмээн хариулав. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Оюутолгой” компанийн зээлийн ашиглалт, үр дүн, гэрээний хэрэгжилт гээд асуудлыг иж бүрнээр нь харж, анхаарах шаардлагатай талаар лавлахад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав, Оюутолгой компанид төрийн аудит хийсэн. Аудитын баг тус компанийн үйл ажилгааны зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, тодорхой хэмжээний ам. долларын акт, албан шаардлага тавьсан гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, нефть боловсруулах үйлдвэрийн явц, зээлийн зарцуулалт, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалтад өмнө нь аудит хийсэн эсэх талаар тодрууллаа.

Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Я.Самбууням, Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын асуудалд төрийн аудит хийгээгүй. Харин эрчим хүчний салбарын үнэ, тариф зохицуулалтын талаар 2019-2021 оныг хамруулсан аудитыг 2022 онд, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын асуудлаар 2018-2020 оныг хамруулж Монголбанканд 2021 онд аудит хийсэн гэлээ.  

Ингээд Байнгын хорооны гишүүдээс гаргасан Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан, хөдөө аж ахуйг дэмжих корпорацийн үйл ажиллагаа, мөн эрсдэлд орсон арилжааны банкууд дахь Төрийн сан, Засгийн газрын тусгай сангуудын болон төрийн, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн байршуулсан хөрөнгө эрсдэлд орсон талаар гүйцэтгэлийн аудит хийлгэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалт болон үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, үр дүнд гүйцэтгэл, нийцлийн аудит хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь тус тус дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, эм, эмийн хэрэгслийн агентлагийн үйл ажиллагаа болон хураамж, торгуулийн орлогын зарцуулалтад аудит хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган Аудитын сэдэв батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  56.5 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.  

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно” гэж заасныг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав. Энэ хүрээнд  тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс “нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр” хэмээн өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив.

Уг тогтоолын төсөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтииг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нэр дэвшигчийг бүртгэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *