Г.Дамдинням: ХХААХҮЯ нүүснээр боловсон хүчнийх нь 70 орчим хувь нь ажлаасаа гарсан мэдээлэл байна


Улсын Их хурлын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.

—————————————————————————

-Ирэх оны төсвийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээгээд авчихсан учраас тэр хүрээндээ өөрчлөлтөө хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Манай бүлгийн зүгээс ч зарчмын байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн хүрээнд цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөнд хүрэхгүйгээр төсвийг алдагдалгүй байх талаас нь оруулж ир гэсэн чиглэл өгсөн. Миний хувьд ч намын бүлгийнхээ байр суурийг дэмжиж байгаа.

-Салбар хуулиудаар маш их төсвийн тэлэлт орж ирсэн. Энэ асуудлыг хэрхэх юм бэ?

-Төсвийн урсгал зардал дээр байгаа гол зардлууд чинь дандаа хуулиар зохицуулалттай зардлууд байгаад байгаа шүү дээ. Зэвсэгт хүчнийхэн, онцгой байдлынхан, хил дээр ажилладаг хүмүүс байна. Алс газарт очиж ажилладаг, онцгой нөхцөл байдлын үед ажилладаг хүмүүст нэмэлт цалин, хөлсийг нь өгөх нь зүй ёсны асуудал. Тэгэхээр энэ дагалдах хуулиудаар олгогдож байгаа зардлуудыг өгөхөөс өөр арга байхгүй. Урсгал зардалдаа ороод л явна. Харин шинээр баталсан, мөрдөгдөж эхлээгүй байгаа хуулиудын зохицуулалт ярих ёстой. Жишээлбэл, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль дээр яригдаж байсан тэр 18.3 тэрбум төгрөгийн ваучер байна. Энэ чинь хуулийн заалттай. Гэхдээ үүнийг оруулж ирэхгүй ээ гэж үзэж байгаа бол хууль биелүүлэх хүрээнд зүйл, заалтыг нь хүчингүй болгох ёстой. Ингээд хуулиар заагдчихсан 60 гаруй тусгай юм бий. Тэдгээрийг ч ярих ёстой болох юм билээ. Гэхдээ Сангийн яамны өргөн барьж байгаа төсөв нь боогдож эцсийн байдлаараа бидэнд танилцуулагдаагүй байна.

-Хөрөнгө оруулалтын төсөв 50 хувиар танагдах тухай Сангийн сайд хэлсэн. Гэвч урьдчилсан танилцуулга дээр 0.2 хувь гэж байх шиг байсан?

-Энэ танилцуулга эцсийн байдлаар биш учраас би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Энэ оны сонгуулийн дараа байгуулагдсан 126 гишүүнтэй УИХ байгуулагдаад наймдугаар сард төсвийн тодотгол хийхэд төсөв таван их наядаар тэлсэн. Үүний дараа 2025 оны төсөв өргөн баригдахдаа бас таван их наядаар тэлж орж ирсэн. Үүнээс 2.4 их наядыг нь л таная гэж байгаа шүү дээ. Ингэх юм бол алдагдалгүй төсөв болно гэдэг логик явж байгаа. Өөрөөр хэлбэл өмнөх оны төсвөөсөө 7.6 орчим их наядын өсөлт байна л гэж ойлгох ёстой.

-Гэвч алдагдалгүй төсөв болгох гэж байгаад шаардлагатай төсвүүдээ зогсоох вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Энэ бол маш чухал асуудал байгаа. Намайг тойргоо ярилаа гэх байх.

Гэхдээ ярихаас өөр аргагүй. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулъя гэвэл хөдөө орон нутгийнхаа хүн амьдрах орчныг сайжруулах ёстой. Дархан-Уул аймагт “залуус хороолол-3” гээд 1000 айлын орон сууцны хорооллыг барина. үүний дэд бүтцийг улсын төсвөөр хийх л ёстой. ингэж байж төвлөрөл буурна. Дарханд амьдрах орчин нөхцөл нь бүрдэнэ. Тийм болохоор орон нутгаа хаяж болохгүй.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймаг руу нүүсэнтэй холбоотойгоор орон сууцны 30 хувийн урьдчилгааг улсын төсвөөс өгөхөөр тусгасан байсан. Энэ үнэхээр шаардлагатай зардал мөн үү?

-Төсөв дээр яг эцсийн байдлаар яаж туссаныг хараагүй учраас хэлж мэдэхгүй байна. Ер нь бол төвлөрлийг бууруулах хөрөнгө оруулалтыг хийе л гэж байгаа бол орон нутаг руугаа хийх ёстой.

-Хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй байрны урьдчилгаа хийгээд байж болох юм уу?

-Xүний амьдрах орчныг бүрдүүлэх нөхцөлд дэмжлэг үзүүлэх ёстой. Гэхдээ хууль эрх зүйн зохицуулалтыг нь нарийн хараагүй учраас байр суурь илэрхийлж мэдэхгүй байна.

-Та байнгын хорооны хуралдаан дээр ХХААХҮЯ-ыг “Халамжийн яам” гэж хэлсэн. Сайд нь сангийн мөнгийг ойр тойрны хүмүүстээ хуваарилаад сууж байдаг гэсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Өнөөдөр засгийн газрын тусгай сангуудын хуваарилалтыг хэрхэн хийгээд байгаа юм. Хэнд өгөөд байна гэдэг асуудлыг л ярьсан. Жишээлбэл, XXААXYЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан байна. Одоо хөдөө аж ахуйн корпораци болчихсон. үүний санхүүжилтийг хэн авдаг юм. Ганцхан аж ахуйн нэгж нийт сангийн хөрөнгө оруулалтын 50 хувийг авчихсан байна гээд. Бид өнгөрсөн жилүүдэд ярьж л байсан. Үүнийг аудит оруулж тодорхой болгох хэрэгтэй. Төлөөлөл болгож л XXААXYЯ-ыг хэлсэн юм.

-Танд тодорхой мэдээлэл байгаа учраас л үүнийг хэлсэн хэрэг байх. Гэхдээ яагаад шууд тодорхой нэр устай нь зарлахгүй байгаа юм бэ?

-Олон нийтийн дунд яригддаг энэ асуудал дээр шалгалт хийх ёстой. харин орж ирсэн бичиг цаасан дээрээ ярилцъя л гээд байгаа юм. Олны анхаарлын төвд авч ирэх нь улс төрийн ажил мөн. үүнийгээ л хийсэн. Ер нь бол мэдээлэл байгаа. Гэхдээ үүнийг төрийн хяналт шалгалтын байгууллагууд нь оруулаад ирэх хэрэгтэй.

-ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэнтэй холбоотойгоор олон албан хаагч ажлаасаа гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр ингэж нүүсэн нь хэр оновчтой шийдэл гэж харж байна вэ?

-Авсан мэдээллээр бол нийт боловсон хүчнийх нь 70 орчим хувь нь яамнаасаа гараад өөр албанд шилжсэн байна. Энэ талаар би тодорхой байр суурь илэрхийлсэн. Сайдаа дагаад яам нь явчих шиг боллоо гэдгийг чуулганы хуралдаан дээр хэлсэн. Энэ асуудал дээр ер нь бол бид үндсэн хуулийн зарчмаа зөрчөөд байгаа ийм л зүйл. Тэгэхээр үүнийгээ ярих ёстой. Туршилт хийж байгаа нэрээр хэр удаан зардал гаргаж явах ёстой юм. Анхааралтай ажиглаж байна. Үйл явц дээр нь хяналттай ажиллана, байр сууриа илэрхийлнэ.

-Үндсэн хуулийн зарчим гэдэг нь төрийн яам улсынхаа нийслэлд байх ёстой гэдэг агуулгыг та ярьж байна уу?

-Yндсэн хууль дээр маш тодорхой байгаа шүү дээ. Тэгэхээр бид хуулиа л дагах ёстой.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ


One response to “Г.Дамдинням: ХХААХҮЯ нүүснээр боловсон хүчнийх нь 70 орчим хувь нь ажлаасаа гарсан мэдээлэл байна”

  1. Их сургуулийг ийш нь ч нүүлгэнэ, тийш нь зайлуулна гээд л амныхаа зоргоор ярьдаг улс энэ жишээг сайн анхаарч хараасай. Нэг хоёр зуун хүнтэй яамыг Дархан шиг том хотод нүүлгэнэ гэхэд л ажилчдынх нь 70,0 хувь ажлаасаа гараад эндээ үлдчихэж байгааг 10-20 мянган оюутантай, хэдэн зуун багш профессор, хэдэн арван сургалтын лаборатори, дадлагын газар, пролигонтой том их сургуулийг юу юу ч үгүй нүцгэн цулгуй газар нүүлгэнэ гэвэл зөвхөн сургалтын бааз гэхээсээ илүү энэ түмэн хүний ар гэр, үр хүүхдийн ажлын байр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр хоршоо, банк… зэрэг амьдралын наад захын орчныг урьдчилж бүрдүүлэх асуудал юуны өмнө босно гэдгийг санах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *