Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан өчигдөр болж нийслэлийн ирэх оны төсвийг 30 минутын дотор батлав.
Тус хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж баталлаа.
Улаанбаатар хот 2025 онд 3.807.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх ажээ. Нийт орлогын 87.8 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоос, үлдсэн 465 тэрбум төгрөгийг татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тус тус тооцсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2025 оны төсвийн төслийг танилцуулахдаа “Нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлого, зарлагыг 3.2 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан. Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ий өсөлтийг 8, хэрэглээний үнийн өсөлтийг 6 хувиар тооцсон.
Нийслэлийн төсвийн т өслийг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас цахим хуудаст байршуулж, цахим хуудсаар дамжуулан дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд иргэдийн саналыг авсан. Мөн есөн дүүргийн 400 гаруй иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 147.135 санал ирүүлснийг эрэмбэлэн төсвийн төсөлд тусгасан.
Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өнгөрсөн оноос 648 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 30.4 хувиар өссөн дүнтэй байна. энэ өсөлтөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 210.9 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 251.9 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, Татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр нэмэхээр байгаа нь голлон нөлөөлж байна.
2025 оны улсын төсвийн хөрөнгөөр 4.6 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.5 их наяд, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 153.2 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24.1 тэрбум төгрөг, нийт 1.7 их наяд төгрөгөөр шинэ 97 төсөл арга хэмжээ, шилжих 68 төсөл, дамжин санхүүжих 2.9 их наяд төгрөгийн 263 төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ өөрчлөлт ороогүй 14 жил болж байна. Татварыг х ууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
ирэх онд автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан” гэв.
Шинэчилсэн зохицуулалтаар жолооч нар автомашины моторын багтаамжаас хамаарч татвар төлөх юм. Тодруулбал, 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 100 мянган төгрөг, 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай буюу приус зэрэг суудлын автомашин 150 мянган төгрөг, 4001-ээс дээш моторын багтаамжтай машин 250 мянган төгрөг төлөх зохицуулалтыг тус тус хийжээ.
Д.Эрдэнэ