ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.05) хуралдаан 12 цаг 53 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж, Улсын Их Хурад уг хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон.

Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах, төсвийн зарлагыг бууруулсантай холбогдуулан төсвийн орлогыг 395 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах шаардлага үүссэн болохыг тэрбээр дурдав.

Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2025 онд ДНБ-ий 3.5 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгажээ.

Инфляц 2023 оны эцэст 7.9 хувь байсан бол энэ оны 10 дугаар сарын байдлаар 7 хувь байгаа аж. Засгийн газар төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны жилийн дундаж инфляцыг 7.5 хувь гэж тооцож байсан бол төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж байгаатай уялдуулан 2025 оны дундаж инфляцыг өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар бууруулж 7.2 хувь байхаар тооцон, хуулийн төсөлд тусгасан байна.

Төсвийн зардал буурснаар эрэлтээс үүдэлтэй инфляц өсөх дарамт буурч, мөнгөний бодлогын орон зай нэмэгдэхээр байгаа хэдий ч геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатлаас үүдэн импортын инфляц нэмэгдэх эрсдэлүүд хэвээр байгааг төсөл санаачлагчийн илтгэлд тэмдэглэсэн.

Улсын Их Хурлаас баталсан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт тавьсан учир төсвийн хүрээний мэдэгдэл дэх ДНБ-ий төсөөллийг өөрчлөхгүй хэвээр хадгалсан гэлээ.

Төсвийн зардлыг бууруулж байгаа нь зарим салбарын өсөлтийг хязгаарлах хэдий хэд хэдэн хүчин зүйлсийн нөлөөгөөр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан 8 хувийн эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой гэж үзсэн болохыг Л.Гантөмөр сайд танилцуулав. Тухайлбал, энэ онд үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж, ачаа тээврийн хэрэгслийн импорт өмнөх оноос 34 хувиар өсөж, 2.9 тэрбум ам.доллар буюу нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувьд хүрсэн нь цаашдын эдийн засгийн потенциал хүчин чадлыг нэмэгдүүлэхээр байгаа аж.

Экспортын хувьд энэ онд 78 сая тонн нүүрс, экспортлохоор төлөвлөсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүржээ. Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давах тооцооллыг дурдсан. Ирэх 2025 онд бид 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд төлөвлөгөөг мөн давуулан биелүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Мөн зэсийн баяжмалын экспорт өнөөдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс 9 орчим хувиар өндөр байгаа гэлээ.

Уул уурхайн салбар энэ оны эхний 3 улирлын байдлаар 11.4 хувиар өссөн байна. Энэ онд уул уурхайн салбарт ашиглагддаг хүнд машин механизмуудын импорт өмнөх оноос 2 дахин, ачааны тээврийн хэрэгсэл 85 хувиар тус тус өссөн зэрэг нөлөөгөөр 2025 онд уул уурхай болон тээврийн салбар өндөр өсөлттэй байх магадлалыг дурдсан. Худалдаа, үйлчилгээний салбар 2024 оны эхний 3 улиралд 8.8 хувиар өссөн байна. Тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо 6.2 хувиар, хөдөлмөр эрхлэлт 13 хувиар, зээл олголт 47 хувиар тус тус өссөн нь ирэх онд үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэлээ.

Эрчим хүчний салбар энэ оны эхний 3 улиралд 5.2 хувиар өссөн байна. Тус салбарт хэрэгжиж байгаа Бөөрөлжүүт, Чойбалсангийн станц, Багануурын батарей хуримтлуурын бүтээн байгуулалтууд нийт эдийн засгийн потенциал хүчин чадлыг дэмжинэ гэж тооцож байна. Мөн эрчим хүчний либералчлалыг цогцоор нь алгуурлалгүй хэрэгжүүлснээр тус салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэх үндэс болно хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Хөдөө, аж ахуйн салбар байгаль, цаг уурын нөлөөгөөр 2023 онд 8.9 хувиар, 2024 оны эхний 3 улиралд 25 хувиар дараалан унасан бөгөөд тус салбар 2025 оноос сэргэж эхлэх төлөвтэй байгааг Л.Гантөмөр сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдав. Ирэх оноос хөдөө, аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийг дэмжиж эхэлнэ гэж тооцож байгаа аж.

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлсний үр дүнд хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн импорт энэ онд 56 хувиар нэмэгдсэн байна. Тоног төхөөрөмжийн импортын өсөлт болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт нь цаашид боловсруулах салбарын өсөлтийг дэмжих тооцооллыг дурдав.

Эдийн засгийн бодит салбарууд дээр бий болж байгаа дээрх боломжуудыг 2025 онд бүрэн ашиглаж, эдийн засгийн өсөлтийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан 8 хувьд хүргэх зорилтыг хангах боломжтой гэж үзэж байгааг төсөл санаачлагчийн илтгэлийн төгсгөлд дахин тэмдэглэв.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *