59-р сургуулийн сурагчид түргэн хоол идэхээ больжээ


Хүүхдүүд ангидаа ширээ тойрон суугаад, хоорондоо ярилцаж, инээлдэнэ. Өмнөх ширээн дээр нь бууз, өндөгтэй талх, цуйван, бүхэл үрийн боорцог, шинэ ногооны салат, сүүтэй цай гээд төрөл бүрийн хүнс өнгө алаглана. Ангидаа ингэж хоолны ширээ зассан сурагчид бол нийслэлийн ерөнхий боловсролын 59-р сургуулийнх. Тэд ингэж цайлж эхлээд, нэг сар болжээ.

Өнөөдөр 15 хүүхэд хоол хийж ирэн, өглөөний 07:30 цагт ширээ тойрон хооллолоо. Тэд хөгжмийн өрөөндөө хоёр ширээ угсарч, сандлаа хоёр талаар нь эгнүүлэн тавиад, өөд өөдөөсөө харан зэрэгцэн суужээ. Энэ сургуулийн бүх ангийн сурагч ингэж хооллох боломжтой. Сурагчид 07:30-08:00 цагийн хооронд энд ирж хооллоод, хонх дуугарахаар ангидаа ордог юм байна. Өдөр бүр өөр өөр ангиас 20 хүүхэд хоол хийж ирдэг болжээ.

И.Батцэцэг: Өглөө бүр хоосон явах нь сэтгэл зүйн хямралд хүргэдэг

Энэ үйл ажиллагааг тогтмолжуулснаар сурагчдын дундах өвчин багасах үндэс тавигдаж байгаа юм. Уг ажлыг 59-р сургуулийн сэтгэлзүйч И.Батцэцэг санаачлан эхлүүлжээ. Хүүхдүүдийн бие даах чадварыг идэвхжүүлэх, нээлттэй, нийтэч байлгах, түргэн хоолноос татгалзах, эртэч, хариуцлагатай болгох гээд олон чадварыг энэ үйл ажиллагаагаар олгохоор тэр зорьж байна.

“Зарим хүүхэд өглөө хүйтэн гэрт босоод, цайгаа уулгүй, шууд сургуульдаа ирдэг. Балга ус ч уудаггүй. Тийм учраас өглөөний хоол, цай нэн чухал гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах зорилгоор сонирхолтой байдлаар, хамтдаа хооллох ажлыг санаачилсан. Хүүхдүүд эергээр хүлээн авч, өдөр бүр хоол хийж ирэх болсон. Үүний үр дүнд зарим хүүхэд өглөө заавал цайгаа уудаг болсон.

Өглөөний цайгаа уухгүй байх нь олон өвчний суурийг бий болгодог. Манай сургуулийн сурагчид ихэнх нь толгой, гэдэс өвдсөн гэх шалтгаанаар эмчид ханддаг. Энэ нь хоол идээгүйтэй холбоотой. Хэрэв удаан үргэлжилбэл сэтгэл санааны хямралд хүргэнэ. Цаашлаад хоол хүнс дутагдсанаас ядрах, дархлаа муудах, анхаарал төвлөрөл алдагдах, хичээлээ ойлгохгүй байх, таргалах шалтгаан болдог” гэж сэтгэлзүйч И.Батцэцэг ярилаа.

Тэгвэл сурагчид энэ талаар ийн ярилаа.

Сурагчид: “Үдийн хоол” хөтөлбөрөөс хасагдсан учир өглөө бүр гэрээсээ хоол авчирч, хамтдаа цайлдаг болсноор хоолны зуршил сайжирч байгаа

9″А” ангийн сурагч Г.Буянхишиг

“Хоол хийж чаддаг болсон. Илүү амтай хоол хийх юм сан гээд элдэв хоолны санаа бодогдох болсон. Бид “Үдийн хоол” хөтөлбөрөөс хасагдсан учир өглөө бүр гэрээсээ хоол авчирч, хамтдаа цайлдаг болсноор хоолны зуршил сайжирч байгаа. Ер нь өглөө бүр сургуульдаа хоол, цай авчирч, хувааж иддэг болсон. Ингэснээр өглөө гэрээсээ хоосон гарч чаддаггүй болсон. Заавал юм иддэг болсон”.

9 “А” ангийн сурагч Д. Түмэнбаяр

“Хоол хийж сурсан нь хамгийн том давуу тал. Гоё хоол хийж чадахгүй учир өглөө ихэвчлэн хичээлдээ хоосон ирдэг. Эсвэл хоносон хоолоо иддэг байлаа. Харин одоо өглөө бүр эрүүл, шинэ хоол бэлдэж авчирдаг болсон. Энэ нь эрүүл мэндэд ач тустайг мэдэрч байна. Өмнө нь өглөө хоосон гарахаар гэдэс дуугараад, толгой өвддөг  байсан” Өглөө өөртөө хоол бэлдэхийн тулд босох ёстой цагаасаа 30 минутын өмнө босдог болсон” гэв.

Тус зорилтот ажилд хөвгүүдийн зөвлөл, охидын зөвлөл, сэтгэл зүйн клуб, хүүхдийн зөвлөл, сурагчдын өөрөө удирдах зөвлөл, ангийн дарга нарын төлөөлөл идэвхтэй оролцож байгааг сэтгэлзүйч онцоллоо. Сурагчдын 40 хувь нь өглөөний цайгаа уухгүйгээр хичээлдээ ирдэг гэх судалгаа бий. 59-р сургуулийн сурагчид өглөө бүр хоолоо хийж ирснээр түргэн хоолноос татгалзах болжээ. Тэд өнөөдөр өглөө гэхэд бууз, цуйван, бүхэл үрийн боорцог, өндөгтэй талх авчирсан байв.

Ийн өглөөний цайг сонирхолтой байдлаар зохион байгуулснаар сурагчдын дунд түгээмэл тохиолддог хоол боловсруулах замын өвчлөлөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулж байна. Энэ бол зөв жишиг. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр хүүхэд, өсвөр насныхан дунд зонхилох өвчний судалгааг гаргадаг. Уг судалгаанд оролцсон 15-18 настай 10.000 хүүхдийн дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин хоёрдугаарт бичигджээ.

Мөн сурагчдын 40 хувь нь өглөөний цайгаа уудаггүй. 85.1 хувь нь ус, шингэн зүйл  бага хэрэглэдэг гэх судалгаа бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *