Алдагдалгүй байхад анхаарсан төсөв


Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох хуулиудын төслийг дахин яаралтай горимоор өргөн барьснаар УИХ өчигдрөөс хэлэлцэж эхлэв. Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийн дагуу үйл явц өрнөж, манай улс 2025 оны төсвөө хоёр дахь удаа эхнээс нь хэлэлцэж буй билээ. Алдагдалгүй, үр ашигтай байх гэсэн хоёр шаардлагыг хангах, бас энэ сарын 10-ны дотор багтаан төсвөө батлуулах цаг хугацааны шахалт Засгийн газарт байлаа. Шинээр өргөн барьсан төсвийн төсөлд орлого, зарлагыг тус бүр 33.5 их наяд төгрөг болгон тэнцүүлжээ. Хэдийгээр орлого, зарлагын аль алинаас танасан ч ирэх онд эдийн засаг найман хувь өснө, инфляцыг 7.2 хувьд барина гэх мэт үзүүлэлтээ өөрчлөөгүй, өөдрөг хэвээр төсөөлж оруулж ирсэн байна. ОУВС, Дэлхийн банк зэргээс манай улсын эдийн засгийн өсөлтийг 6-7 хувь байна гэж үзсэн ч хэт өөдрөгөөр төсөөллөө гэж шүүмжилсэн гишүүдэд Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Энэ тооцоо, судалгааг би, эсвэл Л.Оюун-Эрдэнэ хийдэггүй. Мэргэжлийн эдийн засагчид хийдэг юм” хэмээн сануулж, Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх онд гол экспортын бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа учраас айлтгүй” хэмээн “тайвшруулсан”.

“Анх удаа алдагдалгүй төсөв өргөн барилаа, цаашид ч ийм зарчмаа хадгалах эхлэл боллоо” хэмээн гишүүдийн олонх сайшааж буй ч үр ашиггүй бүх зардлыг хасаж, “усыг нь шүүж” чадаагүйг зарим нь шүүмжилж буй юм.

Засгийн газар алдагдалгүй байх гэдэг дээр илүү төвлөрч, ингэхдээ олон нийтийн зүгээс шүүмжилсэн үр ашиггүй зарим зардлыг хасжээ. Гэхдээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, төрийн албан хаагчдын тэтгэмжийг хэвээр үлдээсэн байна. Хуулиар олгодог, зайлшгүй байх ёстой гэж үзсэн энэ төрлийн зардлыг хөндөөгүй гэсэн үг. Харин хөрөнгө оруулалтаас 800, гадаад зээлийн ашиглалтаас 700, урсгал зардлаас 700 тэрбум, нийт 2.3 их наяд төгрөгийг хасаж өргөн барьсан юм. Олон нийтийн шүүмжлэлд хамгийн их өртсөн ССАЖЗ-ын сайдын багц дахь 18.3 тэрбум төгрөгөөр соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэх эрхийн бичиг тараах, тавилга, эд хогшил авахад зориулсан 267.8 тэрбум төгрөгийг 100 хувь хассан байна. Соёлын үйлчилгээний эрхийн бичиг бол өмнө нь баталсан хуулийн дагуу хийх гэж байсан ажил. Тиймээс үргүй зардал хэмээн үзэж буй иймэрхүү саналыг танахын тулд арваад хуулийг хүчингүй болгох асуудлыг хамт өргөн барьсан юм билээ. Мөн Хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар гадаад болон дотоод томилолт, бичиг хэрэг, хичээл үйлдвэрлэлийн дадлагад тусгасан хэд хэдэн зардлыг 50 хувиар танажээ.

Хасаад байхад л зорьсон хэмжээнд нь хүрч чадахгүй байсан тул “хэнийг нь ялгах вэ” гээд төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны бусад зардлаас жигдхэн 10 хувиар бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, зарим зардлыг механикаар хассан гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан хүлээнэ лээ.

Үндэсний аудитын газраас уг төсвийн төсөлд өгсөн дүгнэлтэд ч “Автоматаар зарим зардлыг хассантай холбоотой эрсдэл гарч болзошгүй” гэж сануулсан юм. Энэ бүхний дүнд бүтээн байгуулалтын зарим ажил хойшлохоос эхлээд зарим сөрөг үр дагавар гарах нь мэдээж. Нөгөө талаар 2024 оны төсвөөс хасагдсан байсан Хавдрын эмнэлэг барих төслийг шинээр нэмж, 7.9 тэрбум төгрөг хуваарилсан нь авууштай өөрчлөлт болов.

Хэдийгээр нийт 2.3 их наяд төгрөг хасаж, алдагдалгүй болгосон нь сайн ч Засгийн газар алдаагаа бүрэн зассангүй. МАН, АН, ХҮН намынхан УИХ-ын сонгуулиар төсвийн зардлыг ДНБ-ий 20-25 хувиас хэтрүүлэхгүй байхаар амласан. Хоёр дахь удаагаа алдаагаа залруулах боломж байхад ч тэд энэ амлалтаа биелүүлэхийг хүссэнгүй. Учир нь өргөн барьсан төсөлд тусгасан зардал ДНБ-ий 35.2 хувьтай тэнцэж, анхны хувилбараасаа хоёр хувиар л бууруулсан байгаа юм.

Алдагдалгүй төсөв батлуулах анхны төслийг оруулж ирсэн нь үнэхээр сайн хэрэг. Гэхдээ олон нийтийн зүгээс шүүмжилж байсан зарим санхүүжилтийг хэвээр үлдээсэн нь бас л анхаарал татна. Хөвсгөл аймгийн зарим сумдад бяслагны үйлдвэр байгуулах тухай Ц.Даваасүрэн гишүүний зүтгүүлсэн санхүүжилт шүүгдээд үлджээ. Энэ мэтээр ахин хянаж, танах зардлыг УИХ хэлэлцүүлгийн явцад засна гэж найдна. Төрийн албыг цомхон байлгах тухай МАН мөн л амласан. Гэтэл УИХ-ын сонгуулиас хойш төрийн албан хаагчдын тоо 6000-аар нэмэгдсэн гэсэн статистикийг гишүүн Б.Пүрэвдорж хэлж, үндэслэлгүй өссөн энэ мэт зардлаа эргэж харах ёстойг сануулсан юм. УИХ-аар өчигдөр Монгол Улсын 2025 оны төсөв болон холбогдох хуулиудын эхний хэлэлцүүлгийг хийсэн бол өнөөдөр хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилнэ. Төсвийн эхний хувилбарыг батлах үед хэлгүй, дүлий мэт царайлж суусан гишүүд энэ удаа хариуцлагаа ухамсарлаж, төсвийн төслийг сайн уншиж судлан, танаж болох үргүй зардлыг хасах, үр ашигтай болгоход санаа тавих ёстой. Учир нь хоёрдугаар хэлэлцүүлэг бол төсвийн төслийн хамгийн чухал үе шат байдаг. Гишүүд зарчмын зөрүүтэй саналаа гарган хураалгах боломжтой. УИХ энэ удаа өмнөх алдаагаа давтахгүй, Засгийн газраас засаж оруулж ирсэн төслийг илүү чамбайруулж чадах, эсэхийг харж байя.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *