Италийн цагдаа нар мафитай холбоотой гэлэнмааг баривчилжээ


Италийн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг мафийг мөрдөн шалгах хүрээнд баривчилсан 24 хүний дотор нэгэн гэлэнмаа багтсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Италийн хэвлэлүүдээр Анна Донелли хэмээн нэрлэн бичиж байгаа тэрхүү гэлэнмааг “Ndrangheta” мафи болон шоронд хоригдож байгаа тус мафийн гишүүдийн хоорондох холбоочин, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан гэх үндэслэлээр баривчилжээ.

Цагдаа нар мөн Италийн хойд нутгийн Ломбарди болон Венето муж, өмнөд хэсгийн Калабриа мужийн хэд хэдэн хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр хоёр улс төрчийг баривчилж, 1.8 сая евро-гийн эд хөрөнгийг хурааж авсан байна. Энэхүү баривчилгааг 4 жилийн хугацаанд “Ndrangheta” мафийг мөрдөн шалгасны үр дүнд явуулаад байгаа бөгөөд уг мафи нь Европын хамгийн аюултай, нөлөө бүхий гэмт хэргийн байгууллага гэж үздэг юм.

Мафийн эсрэг баривчилгааг хамтран явуулсан хууль хүчний байгууллагынхны хамтарсан мэдэгдэлд Анна Донелли гэлэнмааг өөрийн ажил мэргэжлийг ашиглан сайн дураараа шоронд орж ажиллахаар сонгогдсон гэжээ. Өөрөөр хэлбэл гэлэнмааг хэн ч мафийн холбоочин гэдгийг сэжиглээгүй байсан ажээ.

Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд ямар хоёр улс төрчийг баривчилсан гэдгийг мэдээлээгүй байна. Түүнчлэн мафийн эсрэг хууль хүчний байгууллагынхны тусгай ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэхүү тусгай ажиллагаанд Италийн хойд бүсийн олон зуун цагдаа нар оролцож байна.

Цагдаа нар үнэрч нохдыг ашиглан галт зэвсэг, хар тамхи, мөн их хэмжээний бэлэн мөнгө зэргийг хайж, хурааж авч байгаа юм. Мөрдөгчид “Ndrangheta” мафийг хаягдал метал, төмөр боловсруулах бизнесээр өнгөлөн далдалж нийт 12 сая евро бэлэн мөнгийг угаасан гэж буруутгаж байгаа талаараа мэдээлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *