Гадаадын улс орнууд сургуулийн орчинд гар утас, цахим орчны хэрэглээг хориглох шийдвэрийг батлаад эхэллээ. Манай улс яах вэ? Ярьсаар, гэмт хэргийн тоогоо нэмсээр, хүүхдүүд хохирсоор байх уу? Энэ асуудлыг нэг тийш нь шийдэж сургууль, цэцэрлэгийн орчинд, гэртээ, гадуур “хүүхэд” гар утас, цахим орчны хэрэглээг яаж зохицуулах тал дээр арга хэмжээ авах цаг хэдийнээ болсон.
Гар утасны хэт их хэрэглээ нь таргалалт, нойргүйдэл, хүүхдийн зан байдал, өсөлтөд сөргөөр нөлөөлдөг болохыг Франц улс судалгаагаар тогтоосон байна.
Манай улсад нийт 2,5 сая хүн интернэт орчинд идэвхтэй байдгаас 36,8 хувь нь хүүхдүүд. 2024 оны эхний 10 сарын байдлаар цахим орчинд 6736 гэмт хэрэг үйлдэгдсэний 0,6 хувийг хүүхдүүдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг эзэлж буй. Тэгвэл цахим гэмт хэрэг, садар самуун, залилангаас хүүхдүүдээ хамгаалахын тулд гар утасны хэрэглээг хязгаарлах ёстой юу?
ДЭМБ-аас олон улсад томоохон судалгаа явуулж, өсвөр насны зургаан хүүхэд тутмын нэг нь цахим хүчирхийлэлд өртдөг болохыг илрүүлжээ.
Гаж донтнууд хүүхдийг садар самуунд цахимаар уруу татаж байна
Одоогоор цахим орчин хэрэглээд, сайн зүйл сурсан хэдэн хүүхэд байгааг тогтоосон судалгаа алга. Ихэнхдээ буруу ташаа, садар самуун, залилан, хараал, цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэлтэй тулгарч буй. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 9,870 хуурамч хаягаас хүүхдийг садар самуунд уруу татсан зураг, бичлэг илгээгдсэн байна. Хүүхдүүд танихгүй хүмүүсээс найзлах хүсэлт авч, анхандаа чаталж байгаад, аажмаар уулзан, гэмт хэргийн золиос болох тохиолдол нэмэгдсээр.
1990 оны үед гудамжинд садар самуун сурталчилдаг байсан хүмүүс интернэт орчин хөгжсөнөөс хойш компьютерын ард орсныг цагдаагийн байгууллагаас анхааруулж буй. Тэд насанд хүрээгүй хүүхдүүд рүү өөр нэр, нас хэлж чат бичин, итгэлийг нь олж авдаг. Байнга харилцаа холбоотой байж, нэг хоёр удаа уулзсаны дараа өөрийн жинхэнэ дүр төрхийг гаргаж, садар самуун үйл хэргээ гүйцээдэг байна. Иймээс 16 нас хүрээгүй хүүхдүүдийг эцэг эхийн хяналттай интернэт орчин хэрэглүүлэх, хязгаарлах нь нэн тэргүүнд хийх ёстой ажил юм. Бид цахим орчинд танилцсан хүндээ алуулсан, хүчиндүүлсэн олон жишээг мэдэх билээ. Тэдний ихэнх нь 15,16 настай хүүхдүүд байдаг.
Багш, сурагчийн ном сурах бичиг цахим хэлбэрт шилжиж байгаа нь хүүхдүүдийн цахим хэрэглээ ихсэхэд нөлөөлж байна
Багшийн самбар, сурагчийн сурах бичгээс эхлээд, сургууль өөрөө цахим хэлбэрт шилжсээр байна. Багшид хичээл заах хялбар орчин бүрдүүлэх нь чухал ч хүүхдийн аюулгүй байдал түүнээс илүү чухал юм.
“Утсаа оролдохоо болиод, хичээлээ хий” гэж хүүхдэдээ хэлэхээр “Утсаараа хичээл хийж байна. Багш утсаар хийх даалгавар өгсөн” гэж хариулдаг болсныг эцэг эхчүүд хэлж байлаа. Хүүхдүүд хичээл хийх нэрийдлээр интернэт орчинд ихэнх цагаа өнгөрүүлж байгаа юм.13-18 насны хүүхдийн 96 хувь нь цахим орчинд идэвхтэй байдаг. Тэд өдөрт 237 цагийг цахимд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Гар утасны замбараагүй хэрэглээг хязгаарлах, цахим гэмт хэргээс сэргийлэх арга хэмжээ авдаг ч багш, сургуулийн орчинд, гар утсаар хичээл заах, утсаар даалгавар өгөх, гоё, сайн утастай байх шаардлага үүсээд байгаа нь хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлахад сөрөг нөлөө үзүүлж байна.
Гадаадынхан гар утасны хэрэглээг хэрхэн зохицуулж байна?
Гадаадын улс орнууд хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах, гар утас хэрэглэхийг хориглох талаар эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулжээ. Ихэнх орны судалгаа 60-аас дээш хувьтай дэмжигдсэн байна. Хамгийн өндөр нь 80 хувь буюу Франц улс. Франц улс хүүхдийн гар утасны хэрэглээг хориглох туршилтыг өнгөрсөн намраас явуулж эхэлсэн байна. Итали улс анх 2022 оноос хориг тавьж эхэлсэн бөгөөд одоо бүх насны сурагчдад үйлчилсэн хэвээр байгаа аж. Португал улс сар бүрийн тодорхой нэг өдрийг “Гар утасгүй өдөр” болгох туршилт явуулж эхэлжээ.
Одоогоор бүх улс орон хүүхдийн гар утас, цахим орчны хэрэглээг хязгаарлах зохицуулалт хэрэгжүүлж эхлээд буй. Ингэхдээ 11 нас хүртэл ямар ч утас хэрэглүүлэхгүй байх,11-13 настай бол интернэтгүй гар утас хэрэглүүлэх, 15 хүрвэл интернэттэй ч сошиал медиагүй гар утас хэрэглүүлэх зөвлөмж өгч буй.
Манай улс энэ тал дээр одоогоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байхгүй. Бид цахим гэмт хэрэг, садар самуунаас хүүхдүүдээ хамгаалах эрхтэй. Тэднийгээ нийгэмд айдасгүй амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд гар утасны хэрэглээг тодорхой хэмжээнд хориглох нь зүйн хэрэг юм.