Францын ерөнхийлөгч Э.Макрон ойрын өдрүүдэд шинэ ерөнхий сайдыг нэрлэхээ мэдэгджээ


Францын ерөнхийлөгч Э.Макрон тус улсын цөөнхийн засгийн газар нуран унасантай холбогдуулан пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ “ойрын өдрүүдэд багтаан шинэ ерөнхий сайдыг нэрлэн томилох болно” хэмээн онцолжээ.

Тэрээр ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ сөрөг хүчний зүгээс түүнд тавьсан огцрох шаардлагыг няцааж, 2027 он хүртэлх өөрийн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг дуустал улс эх орноо удирдана гэдгээ хатуухан хэлээд авлаа.

10 минут үргэлжилсэн мэдэгдэлдээ Э.Макрон огцрохоор болоод байгаа ерөнхий сайд Мишель Барнье-д богино хугацаанд бүх зүйлээ дайчлан ажилласанд нь талархал илэрхийлсэн бол эсрэгээрээ түүнийг огцруулсан улс төрийн зүүний (NFP нам) болон хэт барууны (RN нам) намынхныг бүгд найрамдах улсын эсрэг улс төр хийсэн хэмээн хамтад нь буруутгажээ.

Эргэн сануулахад энэ долоо хоногийн лхагва гаригт Францын парламентын гишүүдийн олонхийн саналаар ерөнхий сайд М.Барнье-д итгэл үзүүлэхгүй хэмээн шийдсэнээр уг албанд томилогдоод ердөө 3-хан сар ажилласныхаа дараа тэрээр огцрохоор болсон юм. Энэ Францын улс төрд сүүлийн 60 гаруй жилийн туршид болоогүй үйл явдал болсон билээ. Улмаар М.Барнье пүрэв гаригт огцорч, улсын төсөв болон нийгмийн халамжийн төсвийн тухай хуулийн төсвийн хэлэлцүүлэг автоматаар зогсч, дараагийн ерөнхий сайд томилогдож, шинэ засгийн газар байгуулагдах хүртэл М.Барнье ерөнхий сайдын түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болсон.

Э.Макрон мөн пүрэв гаригийн мэдэгдэлдээ өөрийгөө хамгаалсан хэд хэдэн зүйлийг ярьсан байна. Тэрээр өнгөрсөн зун зарлан явуулсан ээлжит бус сонгуулийг улс эх орныхоо төлөө хийсэн гээд “түүний улс төрийн өрсөлдөгч нар улс эх оронд эмх замбараагүй байдал үүсгэх явдлыг өөрсдийн үүрэг хариуцлагаас илүүд үзэж, сонгогч олон та бүхнийг огт бодохгүй, зөвхөн дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялж, төрийн эрх мэдлийг гартаа оруулахыг л урьтал болгож байна” гэдгийг тодотгожээ.

Мөн тэрээр галд шатсан Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлаж нээсэн, 2024 оны зуны Олимпын наадмыг нийслэл хотдоо амжилттай зохион байгуулсан явдлууд нь “францчууд бид гайхалтай зүйлсийг хийж чадна гэдгийг харуулсан баталгаа юм” хэмээн хэлсэн байна.

Ийнхүү тэрээр шинэ ерөнхий сайдыг ойрын үед зарлахаа амласан ч хэн нэгний нэрийг огт дурьдаагүй юм. Хэвлэлүүд Батлан хамгаалахын сайд Себастьен Лекорну, Дотоод хэргийн сайд Бруно Реталью, өмнө нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан улс төрч Франсуа Баяру нарыг ерөнхий сайдаар томилогдох магадлалтай хэмээн бичиж байна.

Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэлдээ улсын төсвийн тухай хуулийн шинэ төслийг боловсруулах нь шинэ засгийн газрын хийж гүйцэтгэх ёстой нэн тэргүүний ажил байх болно гэдгийг онцолж, ирэх оны эхээр бэлэн болгох ёстой гэдгийг цохон тэмдэглэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *