Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 38304 удаа газар хөдлөлт болжээ. Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт 22610 удаа газар хөдлөлт болсон байна. Эдгээр газар хөдлөлтөөс 3.5-4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 36 удаа, 4.5 – 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 4 удаа буюу нийт 40 тохиолдол бүртгэгджээ. Газар хөдлөлтийн хүчийг 8 магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг.
Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм.
Газар хөдлөлтийн аюул бол олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг устгадаг байгалийн гамшиг. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа аж.
Хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 16 минут 56 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумын 3-р дугаар багийн “Шивдэг” гэдэг газарт (аймгийн төвөөс баруун урд зүгт 286 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км)-т 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
Газар хөдлөлт, түүнийг дагасан эрсдэл, бэлэн байдлын тухай асуудал нь хүн бүрийн анхаарах ёстой амин чухал сэдэв юм. Иймд иргэд та бүхэн газар хөдлөлтийн өмнө хэрхэн бэлтгэл бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг www.belenbai.mn сайтаас авч, өөрийгөө болон бусдыг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Зураг: Монгол орны нутаг дэвсгэр болон хилийн ойролцоох бүс нутагт болсон газар хөдлөлтийн төвийн тархалтын зураг