АНУ-ын сансар судлалын агентлагийн зүгээс саран дээр хүн буулгах төлөвлөгөөгөө дахин хойшлуулж байгаагаа зарласан байна. NASA-гийн саран дээр хүн буулгах “Артемис” хөтөлбөрийн дагуу сар луу илгээх хоёр дахь шатны нисгэгчтэй сансрын хөлгийн аяллыг ирэх оны 9 сард төлөвлөсөн байсныг хойшлуулж 11 сар болгоод байсан бол энэ удаад дахин хойш нь татаж, 2026 оны 4 сард илгээхээр товложээ. Энэ талаар NASA-гийн дарга Билл Нелсон албан ёсоор мэдэгдсэн ба сансрын нисгэгчдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байгаагаа онцолсон байна.
Анх “Артемис” хөтөлбөрийг зарлахдаа 3 үе шаттай явуулж, эхний ээлжинд сар луу нисгэгчгүй хөлөг илгээх, хоёр дах шатанд нисгэгчтэй хөлөг илгээх, гурав дах шатанд саран дээр хүн буулгахаар төлөвлөсөн байсан юм. Ийнхүү хоёр дахь шатны нисгэгчтэй сансрын аяллын хуваарийг өнөөдрийн байдлаар хоёр ч удаа хойшлуулснаар АНУ-ын саран дээр ахин хүн буулгана гэсэн төлөвлөгөө анх зарлаж байснаасаа нэг жилээр хойшлогдож, хамгийн наад тал нь 2027 онд саран дээр хүн буулгахаар болж байна.
Хуваарийг хойшлуулсан шалтгаан нь сансрын хөлгийн өндөр халуун температурыг тэсвэрлэх хамгаалалтад гарсан асуудлыг шийдэх шаардлага үүссэнтэй холбоотой бөгөөд Билл Нелсон “бид 100 хувь бэлэн болох хүртлээ хөлгийг хөөргөхгүй, тиймээс туршилтын нислэгийг хийж, бүгдийг зөв тооцоолох шаардлагатай байна, тэгж байж л Артемис хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх ёстой болно” гэжээ. Мөн тэрээр NASA-гийн инженерүүд асуудлын учрыг олсон ч нэгбүрчлэн нарийвчилсан туршилт судалгаа явуулах шаардлагатайг хэлсэн байна.
Ойрын ирээдүйд АНУ-ын NASA болон БНХАУ-ын Сансрын агентлаг саран дээр хүн буулгахаар өрсөлдөж байгаа. Энэ тал дээр Билл Нелсон хэлэхдээ “бид Артемис-3 сансрын хөлгийг 2027 оны дундуур сар луу хөөргөхөөр төлөвлөж байгаа, энэ нь бид Хятадын засгийн газар 2030 онд саран дээр хүн буулгана гэж олон нийтэд зарласнаас хэдэн жилээр урьтаж хөөргөнө гэсэн үг юм” гэжээ.
Гэхдээ Артемис хөтөлбөрийн ирээдүй Д.Трампын засаг захиргааны явуулах бодлогоос мөн хамаарах юм. Тэрээр Билл Нелсоны оронд Жаред Айзекменыг NASA-гийн даргын албан тушаалд нэр дэвшүүлээд байгаа. Жаред Айзекмен бол Элон Масктай тун ойр, түүний сансрын хөлөг, пуужингийн төсөл хөтөлбөрүүд дээр нь хамтран ажилладаг энтерпренер, онгоцны нисгэгч, тэрбумтан, филантропч хүн юм. Ийм ур чадвартай хүн NASA-г огт өөрөөр удирдаж, томоохон өөрчлөлт авчирч магадгүй гэж ажиглагчид харж байна.