Украины ерөнхийлөгч В.Зеленский нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсандаа дайнд үрэгдсэн Украины цэргийн тоо хэмжээг зарласан нь түүний зүгээс нарийн тодорхой мэдээлж, зарлаад байдаггүй ховор тохиолдол боллоо.
Тэрээр өөрийн сошиал хуудсандаа Украины эсрэг Оросын эхлүүлсэн дайны явцад Украины 43 мянган цэрэг амиа алдаж, 370 мянган цэрэг шархадсан (нэг бус удаа шархадсан болон хөнгөн шархадсан) талаар мэдээлжээ. Мөн тэрээр энэ дайнд Оросын 198 мянган цэрэг амь үрэгдэж, 550 мянган цэрэг шархадсан хэмээн мэдээлсэн байна.
2022 оны 2 сард эхэлсэн энэ дайнд амссан өөрсдийн болон дайсны хохирлын талаар Киев болон Москва-гийн зүгээс тогтмол мэдээлж ирсэн ч хоёр тал өөрсдийн хохирлын тухай дурамжхан мэдээлэх, эсвэл худал мэдээлэх хандлагатай байдаг.
Харин энэ удаад Украины ерөнхийлөгчийн өгсөн тоон мэдээлэл оны эхэнд өгч байсан мэдээллээс харьцангуй өссөн байлаа. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн 2 дугаар сард хохирлын талаар мэдээллэхдээ 31 мянган цэргээ алдсан гэж байсан юм.
Зеленский-н танилцуулсан энэ удаагийн Оросын талын хохирлын хэмжээ нь барууны орнуудын батлан хамгаалах албаныхны өгч байгаа 800 мянга орчим цэрэг алагдаж/шархадсан гэсэн тоон мэдээлэлтэй ижилхэн байгааг тэрээр онцолжээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс зөвхөн Курскийн бүсэд л гэхэд Украины 38 мянган цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа ч энэ тоог батлах боломжгүй юм.
Энэ дайныг өндөрлүүлэх найдлага болоод байгаа АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Д.Трамп мөн дайны хохирлын талаар нийгмийн сүлжээнд бичихдээ Украины тал 400 мянган цэргээ алдсан бол Оросын талын амь үрэгдсэн болон шархадсан нийт цэргийн тоо хэмжээг 600 мянга гэсэн байна. Тэрээр энэ тоог авсан эх сурвалжаа дурьдаагүй юм. Зеленский, Трамп нар бямба гаригт Парис хотноо зохиогдсон Парисын дарь эхийн сүмийн нээлтэнд оролцож, улмаар Францын ерөнхийлөгчийн хамт яриа хэлэлцээ явуулсан.
В.Зеленский ямар ч энхийн гэрээ байгуулсан Украин улсын аюулгүй байдалд олон улсын баталгаа гаргаж өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Харин Д.Трампын Оросын талд тавьсан нэн даруй гал зогсоох уриалгын хариуд Кремлийн зүгээс яриа хэлэлцээ явуулахад нээлттэй гэдгээ хэлсэн ч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн 6 сард тавьсан урьтал нөхцөл шаардлагын үндсэн дээр яриа хэлэлцээг явуулна гэдгийг тодотгожээ. Энэхүү урьтал нөхцөлд Украин улс эзлэгдсэн газар нутгаа Оросын талд өгч, НАТО-д гишүүнээр элсэх зорилгоосоо бүрмөсөн татгалзах шаардлагуудыг тавьсан бөгөөд Киев дээрх нөхцөл, шаардлагуудаас татгалзсан билээ.