Дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюул нүүрлэлээ


Улсын үндэсний аюулгүй байдал гэдэг үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байх явдал. Харамсалтай нь, өнөөдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй маш ноцтой асуудал яригдаж байна. Тодруулбал, дотоодын үйлдвэрлэгчдийн хоолойд хутга тулгаад зогсохгүй үндэсний тусгаар тогтнолд ч аюул занал учрах эрсдэл нүүрлэлээ.

Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах хүрээнд шинэ оноос өмнө тус холбоонд элсэж, 376 нэр төрлийн, биткус код бүхий, задрахаараа 2000 гаруй болох барааг тэг татвартайгаар, харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлохоор урьдчилсан байдлаар тохиролцжээ.

Ковидын дараах “их хямрал”-аас арайхийн гарч, хөл дээрээ тэнцэж ядаж байгаа үйлдвэрлэгчдээ хамгаалсан бодлого, шийдвэр гаргахын оронд Евразийн хэдхэн улсын бизнесийг дэмжсэн, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах бодлого барих нь хэнд ашигтай вэ.

Дотоодын үйлдвэрлэгчдийн дөнгөж өндийж буй үйлдвэрлэл, хэдхэн нэр төрлөө олшруулан хийж байсан тухайлбал, “Шар сүүний чихэр”, “Голден гоби” шоколад зэргээс эхлээд лангуун дээрх бүтээгдэхүүн орос чихэр, жимсээр солигдож, үндэсний бүхэн үгүй болох аюул нүүрлэж байна.

Тус түр хэлэлцээрийн гол нөхцөл нь, Еврази талаас өндөг, улаанбуудай, малын тэжээл, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэргийг татвар тэглэгдэх барааны жагсаалтад оруулах санал гаргасан явдал.

Монгол Улсаас ноос ноолуур, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгөөр экспортлохоор төлөвлөжээ.

Евразийн эдийн засгийн холбоо ОХУ, Беларус, Казахстан, Киргиз, Армен гэсэн үндсэн таван улсаас бүрддэг. Монгол Улс дээрх таван орноос ОХУ-аас голлон бүтээгдэхүүн импортолдог.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Монгол Улс, ОХУ-ын худалдааны тэнцэл 97:3-ийн харьцаатай. ОХУ-аас импортолж буй бараа, бүтээгдэхүүнд дунджаар таван хувийн татвар ногдуулж байгаа бол ОХУ руу экспортлоход 50 орчим хувийн татвар төлж байгаа ажээ.

Чөлөөт худалдааны хэлэлцээрийн сөрөг нөлөөний тухайд өгүүлэхэд, хөгжиж буй орнуудын хувьд экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжөөгүй байдгаас импортын бараа тэлж, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюултай юм.

Шинжээчдийн мэдээлж буйгаар, 2021 онд Монгол болон Өмнөд Солонгос хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах судалгаа дууссан аж. Ийм хэлэлцээр байгуулахад Монголын дотоодын зах зээл хязгаарлагдмал, хууль эрх зүйн орчин тогтворгүй, логистикийн зардал өндөр, бүтээмж бага тул өрсөлдөх чадвар сул байгаа нь саад болсоор иржээ.

Монгол Улс Японтой татвар тэглэх гэрээ хийсэн ч үр дүн нь “хүүхэд том хүнтэй нэг ринг дээр гарч, ялагдсантай адил” байгааг салбарынхан хэлж буй юм.

Түр хэлэлцээр байгуулагдвал үр дүнд нь ижил төрлийн бараа үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, улсаасаа ихээхэн татаас авч томорсон дээрх орны олигархи компаниудтай Монголын дөнгөж хөл дээрээ босох гэж ядаж буй аж ахуйн нэгжүүд өрсөлдөж чадахгүй.

ОХУ эдийн засгийн хоригтой байгаа энэ үед гаалийн татвар тэглэх түншлэлийн хэлэлцээр байгуулбал барууны хөрөнгө оруулагчид яаж хүлээж авах вэ гэдгийг бас бодолцох ёстой.

Мах, махан, сүү, сүүн, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байхад импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны алдагдлыг улам ихэсгэн улсаа хорлох хэлэлцээр байгуулах ёсгүйг дотоодын үйлдвэрлэгчид онцолж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Тэдний хэлж буйгаар, Монголын үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд гарч амжаагүй байхад гаднаас татваргүй бараа ороод ирвэл дампуурах билээ.

Чөлөөт худалдааны хэлэлцээрийг үйлдвэрлэгч орон буюу зарах бараатай айл зах зээлээ тэлэх гэж хийдэг бөгөөд энх цагт аль нэг тал татаас, хөнгөлөлт, ханшийн давуу талгүй нөхцөлд байгуулдаг байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны аравдугаар сарын 8-нд Евразийн эдийн засгийн комиссын Удирдах зөвлөлийн даргын зөвлөх Ия Малкина “Евразийн эдийн засгийн холбооноос Индонез болон Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах асуудлаар хэдийнэ хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдан, нарийвчилсан судалгаа хийж эхэлсэн” хэмээн мэдээлж байв. Ийнхүү 2020 онд Монгол Улсад судалгааны комисс ажлаа эхлүүлжээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар одоо 376 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх асуудал дэвшүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар УИХ хүлээж авах, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ долоо хоногт ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эрчим хүчний яамны газрын дарга нар, салбарын төлөөллүүдтэй уулзах бололтой.

ОХУ-ын Москва хотноо арванхоёрдугаар сарын 20нд Евразийн Эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын хурал товлогдсон. Тус хуралд Шадар сайд С.Амарсайхан бизнесийн төлөөллийн хамт оролцох бөгөөд энэхүү түр хэлэлцээрт гарын үсэг зурахыг ажиглагчид үгүйсгэхгүй байна.

Монголын бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлд вэрлэгчид тус түр хэлэлцээрийн талаар өнгөрсөн долоо хоногт анх удаа сонсоод, ихэд цочирдоцгоов. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэхүү хэлэлцээрийг УИХ-д өргөн барих, бүр цаашлаад соёрхон батлах хүртэл “нууцлах даалгавартай л байж дээ” гэж хардаж буйгаа нуугаагүй.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар, Монголын талаас чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг арваад жилийн өмнөөс тавьж ирсэн ч Оросын тал зөвшөөрдөггүй байсан бол Путины сүүлийн айлчлалын дараа энэ асуудал эрчимжиж эхэлжээ.

Татваргүй хүнс оруулж ирэх тухай уулзалтууд маш нууц түвшинд явж иржээ. УИХ-ын гишүүд хүртэл энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй, эрх бүхий хүмүүсээс хувийн шугамаар тодруулж, ойлголттой болсон талаараа хэлж байна.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас түр хэлэлцээрийн талаар тодруулбал “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна” хэмээн мэдээлсэн юм.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) мэдэгдэл гаргаж, тус хэлэлцээрийг соёрхон баталж, хөнгөлөлттэй нөхцөлөөр бүтээгдэхүүн импортолж эхэлбэл үндэсний үйлдвэрлэгчид зах зээлээс шахагдах нөхцөл үүсч болзошгүйг анхааруулсан. Мөн хэрэглээний гол нэрийн зарим бүтээгдэхүүнд квот тогтоох, хэлэлцээрийг эцэслэн батлахаас өмнө худалдааны төлөөлөгч байгууллага болон бизнес эрхлэгчдийн саналыг сонсох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдэхийг зарчмын хувьд зөвшөөрөх ч харилцан ашигтай байх заалтыг Засгийн газартай зөвшилцөнө” хэмээн хэлнэ лээ.

“Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх нь дотоодын компаниудыг хүнд байдалд оруулаад зогсохгүй асар олон ажлын байр үгүй болж, иргэд орлогоо алдаж, цаашлаад хүнсний хараат байдалд орох эрсдэлтэй. Иймд бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчид түр хэлэлцээр байгуулахдаа эх орноо бодож, зөв шийдвэр гаргах л чухлыг онцолж байна.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, хүнсний импортыг зогсоохоор хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй огт нийцэхгүй юм. Мөн Монгол Улс 19 нэр төрлийн барааг дотоодоос бүрэн хангах тухай УИХ-ын 36 дугаар тогтоол баталж, үйлдвэрлэлийг дэмжихээр их хэмжээний зээл олгосны үр дүн ч гарахгүй нь.

Өмнө нь Засгийн газар өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс гурилын импортын татварыг тэглэснээр д отоодын гурилын үйлдвэрлэл аравдугаар сар гэхэд 30 орчим хувиар, зарим аж ахуйн нэгжийн хувьд борлуулалт нь 30-80 хувиар буурсан билээ. Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ ингэж хорлосон шиг дахин тэдний хоолойг боомилох эрсдэлтэй алхам хийхгүй гэдэгт салбарынхан итгэж байна.

УИХ-ын гишүүд монгол төрийн бодлогыг тогтвортойгоор үргэлжлүүлж, ард түмний төлөөлөгчийн хувьд “стратегийн” тодотголтой хүнс, хөдөө аж ахуйн салбараа хамгаалж, гаднаас татваргүйгээр бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх энэхүү түр хэлэлцээрийг байгуулахыг эсэргүүцэж, хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах шаардлагатай байна.

Д.Эрдэнэтуяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *