Их Британийн эзэн хаан III Чарльз, хатан Камилла нарын хамтдаа авахуулсан гэрэл зураг бүхий зул сарын баярт зориулсан ил захидлыг олон нийтэд танилцуулсан байна. Букингэмийн ордны зүгээс жил бүрийн зул сарын баярын өмнө албан ёсны ил захидал гаргадаг уламжлалын дагуу ийнхүү тэдний зурагтай ил захидлыг танилцуулжээ.
Хаан, хатан хоёрын өнгөрсөн 4 дүгээр сард хамтдаа авахуулсан гэрэл зураг бүхий ил захидлын дотор талд “Та бүхэндээ зул сар, шинэ жилийн баярын мэндийг хүргэе” хэмээн бичсэн байна. Энэ нь Чарльзыг хаан сэнтийд заларснаас хойшхий тэдний гурав дахь удаагийн зул сарын баярын ил захидал болон гарч байгаа юм. Саарал хослол өмсөж, хөх зангиа зүүсэн Чарльз хаан болон хөх ноолууран даашинзаар гоёсон Камилла хатан нарын энэхүү зургийг гэрэл зурагчин Милли Пилкингтон дарсан бөгөөд Чарльз хааныг хорт хавдрын эмчилгээгээ дуусгаж, албандаа эргэн ирсний дараахан авсан уг гэрэл зургийг “аж амьдрал эргээд хэвийн байдалд орж байгаа явдлыг” бэлгэдсэн хэмээн Букингэмийн ордноос тодорхойлжээ. Чарльз хаан, Камилла хатан хоёр ойролцоогоор 2700 орчим зул сарын ил захидалд гарын үсэг зурж, мэндчилгээ бичин дэлхийн өнцөг булан бүрт байгаа гэр бүлийн гишүүд, найз нөхөд болон мөн дэлхийн улс орны удирдагч нар, олон улсын байгууллагуудад илгээх ажээ.