Энэ сарын 7, 8-ны өдрүүд буюу өнгөрсөн амралтын өдрүүдээр таван жилийн хугацаанд сэргээн засварласан Парисын дарь эхийн сүмийн албан ёсны нээлт зохион байгуулагдлаа.
Энэхүү нээлтийн ёслолын арга хэмжээ Францын ерөнхийлөгч Э.Макроны гадаад бодлого, дипломат ажиллагааны нэг хэсэг болж өнгөрсөн гэхэд хилсдэхгүй үйл явдал боллоо. Түүнчлэн барууны орнуудын нэгдмэл байдлыг харуулсан үйл явдал болсныг зарим хэвлэлүүд болон ажиглагч нар онцолж байна.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд нийт 1500 хүндэт зочид төлөөлөгчид, дэлхийн олон улс орны удирдагчдыг урьж залсны дотор АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дах удаагаа сонгогдоод байгаа Дональд Трамп, Украины ерөнхийлөгч В.Зеленский, Их Британийн угсаа залгамжлагч Уэльсийн хунтайж Уилльям нар багтсанаас гадна Трамп-Уилльям, Трамп-Зеленский-Макрон зэрэг олон уулзалтууд амралтын өдрүүдээр явагджээ.
Нотр Дамын сүмийг дахин нээх арга хэмжээний эхэнд Францын ерөнхийлөгч Э.Макрон үг хэлж, түүний дараагаар сүмийн хонхыг дуугаргаснаар албан ёсоор нээж байгааг бэлгэдсэн байна. Түүнчлэн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Парисын хамба лам Лоран Ульрих мөн номлол айлдаж, Католик шашны тэргүүн Ромын Папын илгээсэн захидлыг чангаар уншиж танилцуулсан байна.
Хүндэт зочид төлөөлөгчдийн оролцсон нээлтийн ёслолын дараагаар сүмийн үүдийг иргэдэд нээсэн бөгөөд нээлтийн долоо хоногийн тасалбар 25 минутанд борлуулагдаж дууссан талаар сүмийн зохицуулагч хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Дээврийн хэсгээсээ эхлэн шатсан сүмийн галыг 600 гал сөнөөгч 15 цагийн турш тасралтгүй ажиллаж унтрааж байсан бол дараагаар нь Францын ерөнхийлөгч Э.Макрон 5 жилийн дотор сэргээн засварлах зорилтыг тавьж, мужаан, барилгачин, засал чимэглэлч, уран барималч, сийлбэрч, зураач, урлагийн эксперт, барилгын инженер гээд нийт 2000 хүн оролцсон төсөлд нийт 700 сая евро зарцуулжээ.
Өмнө нь Парисын дарь эхийн сүм жилдээ дээд тал нь 12 сая хүртэлх жуулчин хүлээн авах хүчин чадалтай байсан бол сэргээн засварласны дараа жилдээ 15 сая жуулчин хүлээж авах боломжтой болсон байна.