Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сирийн босогчид ерөнхийлөгч Б.Ассадын дэглэмийг унагаж, нийслэл Дамаск хотыг чөлөөлөн эзлэн авсан үйл явдал өрнөсөн байна. Ассадын засгийн газрын эсрэг энэхүү босогчдын чөлөөлөх хөдөлгөөнийг Хаяат Тахрир аль-Шам хэмээх бүлэглэл голчлон удирджээ. Босогчдын удирдагч Абу Мохаммед аль-Жавлани Дамаск хотын муслим шашны сүмд цугларсан олонд хандаж хэлсэн үгэндээ “энэ ялалт бол Сирийн бүх ард иргэдийн төлөөх ялалт шүү” хэмээн онцолсон байна.
Сирийг 25 орчим жилийн турш удирдсан Башар Аль Ассадыг түлхэн унагасан босогчдод тус улсын зэвсэгт хүчнийхэн бууж өгсөн бөгөөд шинэ засгийн газар байгуулагдах хүртэл бүх төрийн байгууллагууд ерөнхий сайд Мохаммед Гази аль Жалали-гийн түр удирдлаган дор байх болно гэдгийг мэдэгджээ. Ерөнхий сайд ч мөн өөрөө ард иргэдийн сонгосон дараагийн удирдагчтай хамтран ажиллаж, төр засгийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн өгөх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Босогчид төрийн төв телевизээр нийслэл Дамаск хотыг чөлөөлж, Ассадын засаглалыг түлхэн унагаж, улс төрийн хоригдлуудыг чөлөөлснөө зарласан байна. Өөрийг нь эсэргүүцэгчдийг хорьж, эрүүдэн тамлаж байсан Ассадын зартай шорон болох Саидная шоронгоос олон мянган хоригдлуудыг суллаж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан байна.
Мөн тухайн үед ерөнхийлөгч Башар аль Ассадыг гэр бүлийн хамт онгоцоор зугтсан, хаашаа зугтаасан нь тодорхойгүй байна гэж мэдээлж байсан бол даваа гаригийн өглөө түүнийг ОХУ-ын нийслэл Москва хотод байгаа гэдгийг Оросын төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгсэл албан ёсоор мэдээлжээ. Тодруулбал Ассад, түүний эхнэр болон гурван хүүхэд Орост байгаа бөгөөд ОХУ тэдэнд улс төрийн орогнол олгосон байна. ОХУ нь Башар Ассадын дэглэмийн гол холбоотон түнш байсан юм. Сирийн ард иргэд ерөнхийлөгч Башар аль Ассадын ордон буюу хуучин гэрт нь дайран орж, эд зүйлсийг нь дээрэмдэж байгаа бичлэгүүдийг барууны хэвлэлүүд шууд дамжуулсан байна.
Энэ үеэр мөн Израилын зүгээс Дамаск хотын байршлуудад пуужингаар цохилт өгсөн гэх мэдээлэл цацагдсан ч Израилын тал эх сурвалж нь батлагдаагүй уг мэдээлэлд тайлбар хийхээс татгалзжээ.
Б.Ассадын засаглалыг унагаж, Дамаск хотыг чөлөөлсөн мэдээгээр Сирийн дүрвэгсэд нутаг буцаж эхэллээ. 2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайны үеэр олон сая иргэн нутгаасаа дүрвэн гарч байсан бөгөөд ихэнх нь хөрш зэргэлдээх Ливан болон Йордан улсуудад дүрвэсэн байдаг. Тэгвэл ням гаригт Ливан, Йорданы хилээр дамжин нутаг буцаж байгаа Сирийн дүрвэгсдийн цуваа үүсч эхэлсэн байна.
Сирид болж буй үйл явдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден мэдэгдэл хийж, АНУ-ын зэвсэгт хүчин Сири дэх “Исламын Улс” бүлэглэлийн эсрэг олон арван агаарын цохилт үзүүлснийг мэдээлсэн бол тус улсын зэвсэгт хүчний зүгээс дараагаар нь хийсэн мэдэгдэлдээ 75 удаагийн агаарын цохилт өгсөн гэжээ.
Барууны улс орны удирдагчид мөн Б.Ассадын дэглэмийг унагасан явдлыг эерэгээр хүлээн авч байгаагаа мэдэгдсэн ч Сири улсын ирээдүй тодорхойгүй байдалд орох эрсдэл байгааг давхар анхааруулаад байна.