Утаанаас салъя, түгжрэлээс гаръя гэвэл Засгийн газар, нийслэлийн ЗДТГ оновчтой шийдвэрүүдээ далайцтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн 30 жилд 728.300 хүн орон нутгаас Улаанбаатарт шилжин иржээ. Энэ бол 8 аймгийн хүн ам гэсэн үг. 21 аймгийн 8 нь Улаанбаатарт хүрээд ирчхээр зам түгжрэхгүй, утаа өтгөрөхгүй гээд яах юм.
Яамдыг яаралтай нүүлгэ
ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн нь Засгийн газрын гарын таван хуруунд багтах хэдэн зөв шийдвэрийн нэг. Аль эрт ингэх байсан юм. Бусад яамыг ч Улаанбаатараас нэн яаралтай нүүлгэх шаардлагатай. АҮЭБЯ-ыг Эрдэнэт рүү, БОУАӨЯ-ыг Булган руу, ССАЖЗЯ-ыг Архангай руу, ХББОСЯ-ыг Төв аймаг руу нүүлгэе л дээ.
ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэсэнтэй холбоотойгоор ажиллагсдынх нь 70% нь ажлаасаа гарч, өөр ажилд шилжин, Улаанбаатар үлдсэн гэнэ. Гэр бүлийн арай илүү орлоготой нь Улаанбаатарт ажилладаг, Дарханд очвол амьдрах байр байхгүй гэх мэт шалтгаанаар тэд нүүсэнгүй. Ийм асуудал гарах нь гарцаагүй. Тэгж л байг. Засгийн газар шийдвэртээ бат зогсож чадвал тэд удахгүй явж л таарна. Одоохондоо 30%-ийг нь нүүлгэсэн нь чамлахааргүй амжилт.
Асуудал бүрийг тоочоод байвал яамдыг нүүлгэх лөөлөө болно. Тэгээд хэзээ нүүлгэх юм бэ? 5, 10, 15, 20 жилийн дараа тэр яамныхан бүгдээрээ нүүх юм уу? Үгүй л байхгүй юү. Ажиллагсдынх нь асуудал жилийн дараа арилах юм уу? Үгүй л дээ. Тиймээс яг одоо нүүлгэх нь яалт ч үгүй зөв.
Газар тариалан, үйлдвэрлэл эрхлэгчид ХХААХҮЯ-ыг дагаад, Дарханыг бараадахгүй бол бичиг цаасаа бариад, байсхийгээд тийшээ давхих чинь яршигтай биз дээ. Одоо ийм яршгийг тэд мэдэрч эхэлж байгаа. Газар гэсэж, ажил нь ундрахаар аандаа тэд ч гэр бүлээрээ тийшээ нүүж таарна.
Ганцхан яам нүүлгэсэн учраас л ажиллагсад нь ажлаасаа гарч, өөр байгууллагад шигдэх боломж олдож байгаа юм. Бүгдийг нь нүүлгэчихвэл ажлаасаа гарах хүн хамаагүй цөөн болох нь дамжиггүй. Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэхээр Засгийн газар төлөвлөсөн. Түүнийхээ дагуу бүсийн төвүүд рүү нь холбогдох яамдыг нь нүүлгэхэд л болно. Аймгууд ч амь орж, Улаанбаатар ч уужирна.
Их сургуулиудыг хотоос хурдан гарга
Төрийн ордон тойроод ганцхан км зайд 14 их, дээд сургууль байна. Үүний 7 нь төрийнх. Эдгээрт хамгийн олон оюутан сурдаг. Өглөө бүр 70 мянган оюутан хотын өнцөг булан бүрээс энд цуглаж, орой бүр эргээд тал тал тийш тардаг. Тэд Улаанбаатарын түгжрэлд ямар их нөлөө үзүүлж, агаарын хэдэн хувийг бохирдуулж байгааг хэн ч тооцсонгүй.
Дээд боловсролын байгууллага нийслэлд байх шаардлагатай юу? Үгүй. Тиймээс Засгийн газар 2006-2015 онд их сургуулиудыг хотоос гаргаж, хотхон байгуулан, цогцоор нь хөгжүүлэх мастер төлөвлөгөө баталсан юм. Үүнийг одоо бүгд мартжээ. ХААИС-ийг Дархан луу, ШУТИС-ийг Эрдэнэт рүү, АШУҮИС-ийг Дорноговь руу, СЭЗИС-ийг Өвөрхангай руу гэх мэтчилэн нүүлгэмээр байна. Төлөвлөсөн ёсоороо их, дээд сургуулиудыг 2006-2015 онд нийслэлээс нүүлгэсэн бол өдийд Улаанбаатарын түгжрэл, утаа угаар арай ч ийм байхааргүй байлаа.
Өнөө жил миний нэг танил Баянхошуунд хашаа авч, гэр барин оюутан болсон хүүгээ суулгасан юм. “Холоос сургуульд явган явалтай биш. Заваараа халтуур хийж, хоолныхоо мөнгийг ол” гээд зээлээр “Приус 41” авч өгсөн гээд бод. Ийм байдлаар оюутнууд Улаанбаатарын утаа өтгөрөх, зам түгжрэхэд хувь нэмрээ оруулдаг.
Их сургуулиуд 71 дотуур байртай. Үүнд хөдөөний оюутнуудын ердөө 10% буюу 7000 нь ордог. Цаана нь 63 мянган оюутан толгой хоргодох газаргүй үлдэж байгаа биз. Тэдний тал нь айлд, хажуу өрөөнд толгой хоргодно. Хагас нь Зүүнсалаа, Шархад, Хайлааст гээд хотын гэр хорооллуудаар тарж, утаа үйлдвэрлэгч, түгжрэлд хувь нэмэрлэгч болдог юм.
Дагаад явна
250 мянган хүнтэй байхаар анх тооцсон ч ард түмнээс малыг нь булаан авч нийгэмчилсний дараа Улаанбаатар 250 мянган хүнтэй болчихсон гэдэг. 1990 онд монголчууд бүгдээрээ ажилгүй болсноор ажил хайсан ажилгүйчүүдийн цуваа Улаанбаатар луу хөвөрчээ. Дараа нь малаа барсан малчид уг цуваанд нэгдсэн. Дээд боловсрол эзэмших гэсэн оюутнууд энэ цувааг огт тасалсангүй.
Яамдыг хотоос гаргаж, их сургуулиудыг аймгууд руу нүүлгэчихвэл ажил хайсан, эрдэм хөөсөн хэсэг нь дагаад явна. Аймгийн төвүүдийн хүн ам олширвол арилжаа ч дагаад сайжирна. Малаа бараад, наймаачин болсон хүмүүс тэнд очиж, бизнесээ үргэлжлүүлнэ гэсэн үг. Ийм гинжин хэлхээ үүсгэчихвэл Улаанбаатарын хүн ам аяндаа цөөрч, дагаад утаа, түгжрэлийн асуудал аандаа шийдэгдэх бус уу?
Түүнээс утаагүй зуух, шахмал түлш тараагаад, нэмэргүй. Болсон ч үгүй. Орон сууц бариад хэзээ бүгд байртай болно гэж? Хүмүүс худалдаж авч хүчрэх ч үгүй. Харин ч баян малчид хүүхдэдээ байр, машин авч өгөөд, түгжрэлд нэмэр болсоор байх болно. Тэд Улаанбаатарт биш, Дархан, Эрдэнэт, Даланзадгадад хүүхдээ амьдруулаг. Тэнд байр аваг. Түүний тулд их сургуулиудаа хотоос гаргачихад л болно шүү дээ. Хотын төв дэх байрыг нь газартай нь зарахад л аймагт сургууль барих зардал гараад ирнэ.
Их сургууль, яамдыг дагаад хөдөө ажил бий болно. Тэгвэл би ч бас явмаар, цэвэр агаар амьсгалмаар, сэлүүхэн замаар явмаар байна.