Эхний санал хураалтаас зайлсхийж чадсан Юн Сок Ёлыг дараагийн импичментийн санал хураалт хүлээж байна


Өмнөд Солонгосын сөрөг хүчний тэргүүн И Жэ Мюн ерөнхийлөгч Юн Сок Ёлыг дахин импичментээр огцруулах саналыг оруулж, дахин санал хураалт явуулах болно гэдгийг ням гаригт мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Юн Сок Ёлыг гэнэт цэргийн онц байдал зарлаж, 6 цагийн дараа онц байдлаа цуцласны дараагаар сөрөг хүчний зүгээс түүнийг импичментээр огцруулах саналыг парламентад хүргэж, улмаар өнгөрсөн бямба гаригт уг асуудлаар санал хураалт явуулахын өмнө эрх баригч “Ард түмний хүч” намын бараг бүх гишүүн импичментийн санал хураалтыг бойкотлон чуулганы танхимыг орхин гарч явсан бөгөөд тэдний цөөн хэд нь танхимд буцаж орж ирж санал өгсөн боловч Юн Сок Ёлыг огцруулахад шаардлагатай 200 саналыг цуглуулж чадаагүй билээ. Тодруулбал Үндэсний Ассемблейн 300 гишүүний гуравны хоёр буюу 200 гишүүн дэмжсэн тохиолдолд түүнийг огцруулах боломжтой байсан ч бямба гаригийн хуралдаанд ердөө 195 гишүүн ирсэн байсны 192 нь сөрөг хүчний намуудын гишүүн, 3 нь л эрх баригч намын гишүүн байсан юм.\

Ийнхүү ерөнхийлөгч Юн Сок Ёл өөрийг нь импичментээр огцруулах эхний санал хураалтаас зайлсхийж чадсан ч түүнийг огцруулах хоёр дах удаагийн саналыг оруулж, дахин санал хураалт явуулах болно гэдгийг сөрөг хүчний Ардчилсан намын дарга мэдэгджээ. И Жэ Мюний зарлан мэдэгдсэнээр тус намын зүгээс 14-ний бямба гаригт ерөнхийлөгчийг импичментээр огцруулах асуудлаар парламентад дахин санал хураалт явуулахаар төлөвлөөд байгаа гэсэн байна. Тэрээр Юн Сок Ёл нэн даруй огцрох ёстой, үгүй бол түүнийг импичментээр огцруулах болно гэсэн өөрийн байр сууриа дахин илэрхийлж, эрх баригч намын зүгээс мэдэгдсэн Юн Сок Ёлыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь буулгах хуваарьт төлөвлөгөөг боловсруулна гэсэн мэдэгдлийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Өмнөд Солонгосын ард түмний хувьд сөрөг хүчний нэгэн адил Юн Сок Ёлыг огцрохыг шаардаж, өдөр бүр Үндэсний Ассемблейн гадна талбайд болон нийслэл Сөүл хотын гудамж талбайд ерөнхийлөгчийг огцруулахыг шаардсан уриа лоозон барин жагсч байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *