Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс нь хуулиар харьяалуулсан 13, прокуророос харьяалал тогтоосон 1, нийт 14 гэмт хэргийг мөрдөн шалгаж байна. 2007-2023 онд давхардсан тоогоор 10655 эрүүгийн хэргийг шалгажээ. Үүний 2056 хэрэгт нь яллах дүгнэлт үйлдсэн байна. 1037 хэргийн шүүхээр шийдвэрлэж, 2 их наяд 804 тэрбум 194 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Мөн 2023 оны байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг нөхөн төлсөн байдлын судалгааг гаргажээ. 2023 онд 238.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Үүнээс төрийн сангийн дансанд 28 орчим тэрбум, Хөгжлийн банкинд 48 тэрбум, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2,9 тэрбум, Боловсролын зээлийн санд 590 сая, Таван толгой төмөр зам ХХК 6 тэрбум, Улсын орлогод 58 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар техник оруулсан. ЭМДЕГ, НДЕГ-т 92 тэрбумыг төлүүлжээ.
Харин гадаадаас 2021,2022 онд 12.2 сая ам.долларын хөрөнгийн буцаан авч улсын орлого болгоод байгаа аж.
Тодруулбал,
- Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад байрлах 1 орон сууц, бэлэн 1.8 тэрбум төгрөг, 269 сая төгрөгийн үнэ бүхий 2 үл хөдлөх хөрөнгө, 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.доллар
- Британийн Виржийн арлаас 2.2 тэрбум төгрөгийн буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгө
- АНУ-ын Мэн арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.доллраыг хураан авчээ.
Авлигатай тэмцэх газрын, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн “Эдгээр хөрөнгийг эргээд юунд зарцуулдаг вэ гэх асуулт гарч ирдэг. Хамгийн сүүлд гэхэд бид Эрдэнэт хотод байрладаг хүүхдийн асрамжийн газарт хандив, тусламж үзүүлсэн. Харин цаашид эдгээр хөрөнгийг захиран зарцуулах ажлыг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ.