Америкийн даатгалын компанийн захирлыг буудан хөнөөсөн сэжигтэнг баривчилжээ


Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт байрлах Хилтон зочид буудлын гадна ар нуруунаасаа буудуулан амиа алдсан Америкийн UnitedHealthcare хэмээх хамгийн том эрүүл мэндийн даатгалын компанийн захирал Брайн Томпсоныг хөнөөсөн гэгдэх сэжигтэн эрэгтэйг баривчилсан байна.

Цагдаа нар 26 настай, Луижи Манжионе хэмээх эрэгтэйг даваа гаригт Пеннсильвани мужийн Алтуна хотын McDondald’s түргэн хоолны сүлжээний салбараас баривчилсан бөгөөд түүнийг биедээ 10 мянган ам.доллар (бэлэн мөнгөөр), 3D принтерээр хэвлэсэн гар буу, дуу намсгагч, нүүрний баг болон олон тооны хуурамч бичиг баримттай явж байсан талаар мэдээлжээ. Мөн түүнээс үндэстэн дамнасан корпорациуд бүхнийг шийддэг Америкт уурлаж бухимдаж байгаагаа илэрхийлсэн гар бичмэл олдсон ба түүний 3D принтерээр хэвлэсэн гар бууг Брайн Томпсоныг хөнөөсөн зэвсэг гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа ажээ.

Түүнийг тэрхүү McDondald’s түргэн хоолны газрын нэгэн ажилтан цагдаа нарт мэдэгдсэнээр баривчилсан байна. Аллагын хэргийн сэжигтнээр баривчлагдаад байгаа Луижи Манжионе гэгч нь  Мэрилэнд мужид төрж өссөн, Пеннсильванийн их сургуульд компьютерын шинжлэх ухааны мэргэжлээр суралцаж төгссөн, видео тоглоом хөгжүүлэгч клубыг үүсгэн байгуулагч бөгөөд хамгийн сүүлд Хавай мужийн Хонолулу-д бүртгэлтэй байсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *