БНСУ-ын Үндэсний Ассемблей Юн Сок Ёлыг яаралтай баривчлан, шалгах тогтоол баталжээ


Орон нутгийн цагаар 12-р сарын 10-ны мягмар гаригт БНСУ-ын Үндэсний Ассамблей ерөнхийлөгч Юн Сок Ёлыг яаралтай баривчлахыг шаардсан тогтоолыг баталжээ. Юн Сок Ёл болон албаны бусад 7 хүнийг яаралтай баривчлах тогтоолыг Үндэсний Ассемблейн гишүүдийн 191:94 гэсэн саналаар батласан бол 3 гишүүн түдгэлзсэн санал өгсөн байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт цэргийн онц байдал зарлаад цуцласан ерөнхийлөгч Юн Сок Ёлын шийдвэрийг төрийн эсрэг боссон үйлдэл гэж үзэн, үүнийг мөрдөн шалгах байнгын тусгай төлөөлөгчийг томилох хуулийг батлаж, үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Юн Сок Ёл, батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хюн, Зэвсэгт хүчний ерөнхий штабын генерал Пак Ан Су болон цэргийн онц байдал зарлахад оролцсон бусад албаны хүмүүсийг баривчлан шалгахаар боллоо. Шалгагдах хүмүүсийн дотор ерөнхий сайд Хан Дук Су, Сөрөг тагнуулын газрын коммандлагч Ё Ин Хюн болон “Ард түмний хүч” намын дарга Чо Кюн Хо нарын хүмүүс багтжээ.

Энэхүү тогтоолын төслийн Үндэсний Ассемблейн гишүүдийн 210:63 гэсэн саналаар батласан бөгөөд 14 гишүүн түдгэлзсэн байна. Мөн энэхүү хуулийн дагуу цэргийн онц байдал зарласан ерөнхийлөгч болон холбогдох албаны хүмүүсийг шалгахаар томилогдсон тусгай төлөөлөгчийн эсрэг ерөнхийлөгч хориг тавих эрхгүй байхаар зааж өгснөөрөө онцлогтой хууль болжээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр сөрөг хүчний зүгээс мөн Хуульзүйн сайд Пак Сун Жэ болон Өмнөд Солонгосын Үндэсний Цагдаагийн Газрын дарга Чо Жи Хо нарыг огцруулах саналыг оруулахаа мэдэгдсэн байна. Сөрөг хүчний Ардчилсан намын зүгээс энэ долоо хоногийн бямба гаригт Юн Сок Ёлыг импичментээр огцруулах тухай асуудлаар парламентын санал хураалтыг явуулахаар төлөвлөөд байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *