–1 сая жуулчин хүлээж авах зорилтоо манай улс 2024 онд биелүүлж дөнгөх нь үү? 2023 онд бас л ийм зорилт тавиад, бараагүй. Дараа жил дахиад “1 сая жуулчин хүлээж авна” гээд сууж байх вий дээ.
-Монгол Улс нэлээн эртнээс 1 сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн. Сүүлийн жилүүдэд Засгийн газар аялал жуучлал хөгжүүлэхэд багагүй анхаарч байна. Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний хороо байгуулсан. Томоохон асуудлуудыг Засгийн газрын түвшинд шийдээд явах боломж гарч байна гэж харагдаж байгаа. Аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас уналтад орж, 1998, 1999 оны түвшинд очсон. Гэхдээ бусад улстай харьцуулахад богино хугацаанд сэргэж чадлаа. Олон улс, геополитикийн нөхцөл байдлаас хамаарч, аялал жуулчлалын зах зээлд багагүй өөрчлөлт орлоо. 2024 онд түүхэндээ анх удаа 730 мянга гаруй жуулчин хүлээн авч, 1 тэрбум ам.доллар давсан орлого оллоо. Магадгүй энэ өсөлтөө хадгалж чадвал 2025 онд 1 сая жуулчин хүлээн авах боломжтой байх. Үүнээс өмнө үе шаттайгаар шийдэх зүйл бас олон байна.
-Ер нь 1 сая жуулчин хүлээж авах боломж байгаа юм уу?
-Боломж бол бий.
-Манай улс арай л өндөр зарлага гаргаж байж жуулчин авчраад байх шиг. 2024 онд хэр их зарлага гаргаж байж 1 тэрбум ам.долларын орлого олов? Орлого, зарлагын зөрүү ямар байгаа бол. Ашиг олоо болов уу?
-Энэ онд гадаад зар сурталчилгаанд хэдэн төгрөг зарцуулсныг тодорхой мэдэхгүй байна. Үүнийг судалгаагүйгээр шууд хэлэх боломжгүй. Аялал жуулчлалд зарцуулдаг төсөв туйлын бага шүү дээ.
Энэ онд гадаадын сошиалд олон дагагчтай нөлөөлөгч нарыг өмнөхөөсөө олныг авч ирсэн. Үүнийг их зарлага гаргалаа гэж хэлж байгаа болов уу. Аялал жуулчлалын салбар сурталчилгаа, маркетингдаа хөрөнгө зарцуулж байж ашиг олох боломжтой. Сурталчилж байж л Монголын талаар зөв, бодит ойлголт, мэдээлэл өгнө, Монгол руу аялах сэдэл төрүүлнэ.
Хамгийн гол нь зорилтот зах зээлдээ хүрсэн, үр дүнтэй сурталчилгаа хийх нь чухал. Гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааны үр нөлөөг тоон ба чанарын хувьд хэрхэн тооцож, дүгнэдэг нь тодорхой бус. Ийм тогтолцоо бүрдээгүй. Аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөж, бусад судалгааг тогтмол хийх хэрэгтэй. Мөн оновчтой аргазүй нутагшуулах, энэ чиглэлийн судлаачдыг бий болгох зэрэг олон асуудал бий. Манай аялал жуулчлалын салбарт судалгаа, дата мэдээлэл туйлын хомс, дутагдалтай байна.
Салбарын яам нь судалгаа, эрдэм шинжилгээний ажил гэдгийг бүр ойлгодоггүй. Үнэ цэнийг нь мэддэггүй учраас энэ салбарт суурь болон хавсарга судалгаа аль нь ч алга. Осолдохгүй хилээр орж ирсэн хэдэн гадаад хүний л тоо байна. Манай салбарын багш, судлаач нар л сайн дураараа бага сагахан судалгаа хийж, далайд дусал нэмэрлэж байна. Тиймээс би танд тоо хэлж чадахгүй байна. Уучлаарай.
-Аялал жуулчлалын салбартаа манай улс ямар бодлого баримтлах шаардлагатай вэ? Аль болох олон жуулчин авчрах тухай л яриад байгаа болохоос аялал жуулчлалын ямар төрлийг түлхүү хөгжүүлэх, зунаас бусад улиралдаа яаж жуулчин авчрах гээд бүх асуудал нь тодорхой бус байна л даа.
-Манай салбар 23 жилийн дараа Аялал жуулчлалын тухай хуулиа шинэчлэн найруулж, батлуулсан. Хуульд “Салбарын мэргэжлийн холбоотой байна” гэж заасны дагуу Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог манай салбарын оролцогч талууд хамтран байгууллаа. Төрийн зарим чиг үүргийг энэ холбоо хэрэгжүүлж байгаа. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатад гаргахад мэргэжлийн холбоо чухал үүрэгтэй.
ССАЖЗЯ “Бостон консалтинг” компаниар Монголын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө хийлгэж байгаа
Манайд аялал жуулчлалын бодлогын баримт бичиг цөөнгүй бий. Түүн дээр нь чухал зорилт, шийдлүүд ч бий. Даанч хэрэгжүүлэх дээрээ л тааруухан. Төрийн залгамж чанар, уялдаа холбоо муу байгаатай л холбоотой болов уу.
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын идэвхтэй улирал бага багаар уртсаж байгаа нь ажиглагдаж байна. Жуулчны баазууд 4 улирлын турш ажилладаг болж байна. Төрөөс өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх талаар анхаарч, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, яам хамтраад, төлөвлөгөө гаргаад явж байх шиг байна. Өвлийн болон сэрүүн үеийн аялал жуулчлал нь дэд бүтэц, цахилгаан, дулаан сууц зэргийг шаарддаг учраас зуны аялал жуулчлалаас бага зэрэг төвөгтэй. Олон талын судалгаа, тооцоон дээр тулгуурлан, тодорхой бүс нутгуудад хөгжүүлэх боломжтой байх. ССАЖЗЯ “Бостон консалтинг” компаниар Монголын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө, бодлогын баримт бичиг хийлгэж байгаа гэсэн. Бодвол түүн дээр нь энэ талын зүйлс тусгагдах болов уу.
-Менежментийн зөвлөх үйлчилгээгээр Дэлхийд 2-рт ордог “Бостон консалтинг” уу?
-Тийм ээ. Аялал жуулчлалын салбараас эдийн засагт үзүүлэх өгөөжийг яаж сайжруулах вэ, бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлж, илүү өрсөлдөх чадвартай болгох вэ, зунаас бусад үед жуулчдыг хэрхэн татах вэ гэх мэт олон асуудал бий.
-Өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гээд манайхан энд тэнд мөсний баяр хийдэг боллоо. Өвлийн туршид хүнд үзүүлэх юм бий болгох, байнга жуулчин авах хэрэгтэй байх юм.
-Эвент болгон гадаадын жуулчдад зориулагдах албагүй. Дотоодын иргэдэд соёлоо өвлүүлэх, түгээх, иргэдийн амралт чөлөөт цагийг зөв, идэвхтэй өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутагтаа хөрөнгө оруулалт татах гээд олон зорилготой байж болно. Аливаа эвентийг зохион байгуулахад тодорхой хэмжээний зардал гардаг ч эргээд орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх байдлаар шууд болон шууд бусаар олон өрлийн үр өгөөж өгч байдаг. Харин жуулчдыг татах зорилготой эвэнтүүддээ илүү анхаарч, тогтвортой хөгжүүлэн, өрсөлдөх чадвартай эвэнт болгон бойжуулах хэрэгтэй юм шиг байна лээ. Үүнийг төр засаг, орон нутаг бодлогоор дэмжиж, жилийн турш хөгжүүлж байж улам чансаатай, зохион байгуулалттай, жуулчин татах хэмжээний эвент болно. Сарын өмнө цуглаад, төрийн албаны хүмүүсийг дайчлаад, хүчээр шахуу хийгээд байвал тэр эвэнт яаж хөгжих билээ.
“Аялал жуулчлалын хөгжлийн бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргадаг ССАЖЗЯ-ны дарга нарт аялал жуулчлалын судалгаа ямар чухал болохыг яаж ойлгуулах билээ” гэж боддог шүү
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн судлаачид хамтран, эвэнтүүдийг ангилах, ач холбогдлоор нь эрэмбэлэх аргазүй боловсруулаад, батлуулахад бэлэн болсон. Хэрвээ энэ ажил хэрэгжвэл үр дүнтэй, өндөр эрэмбэтэй эвэнтийн санжүүжилтэд төр оролцдог, дэмжлэг үзүүлдэг болох зорилготой юм.
Нөгөөтэйгүүр өвлийн аялал жуулчлалыг зөвхөн эвентээр төсөөлж болохгүй. Манайхан жуулчин гэхээр хөдөөгүүр явдаг хүн л гэсэн нийтлэг ойлголттой байх шиг. Дэд бүтэцтэй, төв суурин газартаа жуулчны урсгалыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байгаа юм. Жуулчдын хөл татарсан улиралд MICE буюу албан, бизнес аялал, спорт, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий.
-Өвөл жуулчны бааз ажиллуулахад зардал өндөр гарах байх даа. Улаанбаатар хотын эргэн тойронд өвөл ажилладаг жуулчны бааз харьцангуй олширсон. Амралтын өдрүүдээр монголчууд өөрсдөө цэвэр агаарт гарах гээд хүн дүүрэн байдаг болжээ. Харин хөдөөгийн жуулчны баазууд өвөл ажиллахгүй байх шиг байна.
-Манай жуулчны баазууд сүүлийн үед жилийн турш ажилладаг болж байгаа. Төрөөс эрчим хүчний хөнгөлөлт олгож байна. 2023 онд нэлээн олон аж ахуйн нэгж ийм хөнгөлөлт эдэлсэн. Энэ нь өвөл ажиллах нэг нөхцөл болж байгаа.
Өвөл манай улсад ирж буй гадаадын жуулчны тоо өссөн. Өвлийн улиралд жуулчин татах зорилгоор кампанит ажил хийж байна. Энэ бүхний үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаа. Жишээлбэл: Засгийн газар орос жуулчдыг авчрах төлөвлөгөө гаргаж байх шиг байна. Улаан-Үд-Улаанбаатарын автобусны тасалбар, зочид буудал, ноос, ноолууран бүтээгдэхүүний үнийг өвөл хөнгөлдөг болохоор ярилцаж байгаа юм байна лээ.
-Жуулчныг Монголд дахин ирүүлэхийг зарим хүн чухалчилдаг. Энэ удаад говиор аялсан хүн дараа Хөвсгөл явахыг хүсэх нь чухал. “1 жуулчин, 1 хонь” үүнд нөлөөлсөн болов уу. Үр дүнг нь сонирхуулаач?
-Монголчууд хүндтэй зочиндоо халуун хошуутай мал бэлэглэдэг уламжлалтай. Энэ соёлоо аялал жуулчлалын салбарт ашиглаж байгаа хэрэг байх. Өнгөрсөн хавар “1 жуулчин, 1 хонь” гээд аяныг БОАЖЯ, АЖМХ-ны Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллага хамтарч хэрэгжүүлсэн. Үр дүнг нь юугаар хэмжих вэ гэдэг нь өөрөө их сонирхолтой зүйл л дээ. Бас үр дүн шууд, хэдэн сарын дараа эсвэл жилийн дараа гарна гээд хэлэх бас боломжгүй байх. Хүн бүрийн хандлага, соёл өөр өөр учраас харилцан адилгүй сэтгэгдэл төрүүлсэн нь дамжиггүй. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь эргэх холбооноос хамаараад, тухайн жуулчныг дахин ирүүлэхэд нөлөө үзүүлэх боломжтой байх гэж бодож байна.
-Монголд гадаадын жуулчид ямар зорилгоор ирж байна вэ?
-Онгон байгаль, нүүдэлчин амьдралын хэв маяг, адал явдал эрэлхийлэх, нам гүм, амар амгаланг мэдрэх боломж зэрэг нь манай орныг Дэлхийд өрсөлдөх чадвартай болгодог чухал хүчин зүйлс юм. Аюулгүй байдлын хувьд Монгол Улс энхтайванч, амгалан, улс төр, шашны зөрчилдөөнгүй, байгалийн гамшиг тохиолдох нь цөөн зэрэг давуу тал бий. Энэ нь Монголд аялсан жуулчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны үр дүн зэрэг олон зүйлээс харагддаг.
-“Хогийн Монгол” гэх мэт сөрөг сэтгэгдэлтэй буцсан жуулчин бас байна л даа.
-Уудалбал хаана ч сайн ч, муу ч юм бий. Бид алдаа дутагдалтай зүйлсээ аль болохоор багасгаад, сайн болгохыг хичээх хэрэгтэй. Дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүний нөөц гээд засмаар зүйл их бий. “Уулын мод урттай, богинотой” гэдэг. Жуулчдад сайн эсвэл тааруухан сэтгэгдэл бий болоход бидний үзүүлсэн үйлчилгээний чанараас гадна байгууллагаас шууд хамаарахгүй хог, бохирдол, түгжрэл, хулгай, хууран мэхлэлт гэх мэт гадаад орчны хүчин зүйлс зүйлс нөлөөлнө. Бас хувь хүний боловсрол, ажил мэргэжлийн онцлог, аяллын туршлага, хандлага гээд олон хүчин зүйлс нөлөөлнө.
-Жуулчин бүрийг наашаа гэж урих ёстой юу. Эсвэл зарим аялагчаас татгалзах хэрэгтэй юү. Үүргэвчтэй аялагчдыг цөөлөх, тусгай сонирхолтой аялагчдыг түлхүү хүлээж авах ч гэдэг юм уу?
-Ер нь улс болгон янз янз байна. Ихэнх улс нээлттэй бодлого барьж байна. Аялал жуулчлал чинь эргээд байгаль хамгаалах, соёл сурталчлах, улс орныг таниулах маш том боломж. Нөгөө талаасаа энх тайвны бэлгэ тэмдэг, баталгаа шүү дээ.
Бутан ч гэдэг юм уу, зарим улс ахиу орлого оруулах жуулчдыг, хязгаартайгаар хүлээж авдаг. Бутаны хаан өнгөрсөн зун Монголд аялахдаа хэлсэн “Манай улс хүнийг баян, ядуугаар нь ялгах гээд байгаа юм биш. Манай орон маш жижиг газар нутагтай, маш эмзэг байгальтай. Хүн ам цөөтэй, өвөрмөц соёлтой. Тиймээс олон хүн хүлээж авах боломж муутай. Хэт олон жуулчин ирвэл манай байгаль, соёлд аюул нүүрлэж болзошгүй. Үндэсний аюулгүй байдал талаасаа жуулчны тоог хязгаарладаг” гэж. Зарим улс “Жуулчид байгаль сүйтгэлээ. Ухамсаргүй жуулчдаас болоод, гэмт хэрэг гарч байна” гэдэг.
Тэгэхээр бид бодох л хэрэгтэй л дээ. Түүхэн, адал явдалт, спортын гэх мэтээр аялал жуулчлалын ялгаатай бүс тогтоож, түүндээ зориулсан үйлчилгээ бий болгох хэрэгтэй байх. Засгийн газар аялал жуулчлалын салбарыг ч бүсчлэн хөгжүүлэхээр ярьж байна. Үүргэвчтэй аялагч бол байх л ёстой. Гэхдээ балансаа тэнцвэржүүлэх нь чухал. Үүргэвчтэй жуулчнаас ч мөнгө олох эх үүсвэр бүрдүүлэх хэрэгтэй. Жуулчдад мөнгөө зарцуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй болов уу.
-Манай улсад тусгай сонирхлын аялал хамгийн тохиромжтой санагддаг.
-Монголд ирж, хөдөө аялж буй жуулчдын дийлэнх хувь нь адал явдалт, тусгай сонирхлын аяллын бүлэгт хамаарах болов уу. Хотоос гараад л адал явдалт аялал эхэлнэ шүү дээ. Манай орон уудам нутагтай, байгалийн маш олон бүс, бүслүүртэй, нүүдлийн соёл, ахуйн өвөрмөц өгөгдөлтэй. Тиймээс адал явдалт аялал жуулчлал хөгжүүлэх боломж илүү өргөн. Авто, мото, дугуйгаар аялагчид хэдэн мянган км давхих уудам газар нутаг байна. Онгон зэрлэг байгальд ууланд авирах, явган алхах, морь, тэмээгээр, мөн голоор аялах боломжтой. Биологийн төрөл зүйл, ховор амьтан, шувуу, цэцэг ажигладаг аялагчдын сонирхлыг ч татна.
Манай улс явдалт аялал хөгжүүлэх чиглэлээр Олон улсын адал явдалт аяллын худалдааны холбоо (ATTА)-той хамтран ажиллахаар ярьж байгаа юм билээ. Энэ байгууллагын мэргэжилтнүүдийг 2023 онд Монголд урьж, хамтран ажиллах сууриа тавьсан. Энэ бол Дэлхийн адал явдалт аяллын толгой байгууллага. Эднийхтэй хамтран, адал явдалт аяллын төлөвлөгөө боловсруулан, зөвлөгөөг нь авч ажиллавал том үр дүн гарах байх. Энэ байгууллагаас гаргадаг адал явдалт аяллын индексээр манай улс Азидаа дээгүүрт ордог. Цаашид адал явдалт, идэвхтэй аялал жуулчлалын зах зээл улам хурдацтайгаар тэлж, дараагийн үеийн жуулчид илүү энэ чиглэлд өөрийгөө сорьж байна. Тиймээс байгаль, түүх соёлын өвөрмөц нөөц, өгөгдөлтэй манай орон адал явдалт аялал жуулчлалын зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр өрсөлдөх боломж өндөртэй.
-Аяллын компани, жуулчны баазууд төрөлжиж, нэг аяллаараа дагнавал яадаг юм бэ? Нэгнийхээ үүсгэсэн аяллын төрлийг дуурайгаад, зах зээлээ булаацалдаад байх юм.
-Яах аргагүй төрөлжих шаардлага байгаа.
-Тусгай сонирхлын, адал явдалт аяллын мэргэжилтэн манай улсад хэр байдаг юм бэ?
-Хүний нөөц маш дутагдалтай. МУБИС-ийн Биеийн тамирын сургууль спорт аялал жуулчлалын ангидаа адал явдалт аяллын мэргэжилтэн бэлтгэдэг. Ийм мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц сургууль. Адал явдалт аяллын мэргэжилтэн бэлгэхэд амаргүй. Мэргэжлийн ур чадвар суулгах, бие бялдрыг нь бэлтгэх, хувь хүний хичээл зүтгэл, тухайн аялалдаа дурлах, багаж, тоног хэрэгсэл, хөрөнгө санхүү, багш гээд энгийн аялал жуулчлалаас илүү их зүйлс шаардлагатай байдаг. Манай төгсөгчдөөс мэргэжлээрээ ажиллаж буй хүн олон бий.
–Эрүүл мэндийн аялал хөгжих шинж байна уу? Монголчууд эмчлүүлэхээр гадаад их явдаг бол уламжлалт эмчилгээ хийлгэхээр Оросоос хүмүүс нэлээд ирдэг болсон байна.
-Тийм жуулчин байгаа байх. Гэхдээ гадаадаас ирдэг нь гадагшаа чиглэсэн урсгалыг гүйцэхгүй болов уу. Монголчууд маш олноор гадаад явж шинжилгээ өгч, оношлуулж, эмчлүүлж байна. Эрүүл мэндийн аяллаар асар их мөнгө гадагшаа урсаж байна даа. Гадаадаас орж ирж байгаа урсгал үүний хажууд маш бага байх аа.
-Жуулчдыг эсэргүүцдэг хүн Дэлхийд олширч байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд жуулчид нөлөөлж байна гэж зарим нь буруутгадаг. Жуулчин бүрийг авсаар байвал нэг мэдэхэд манай улс жуулчнаас татгалзах шаардлагатай болох юм биш биз?
-Аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл тэгнэ шүү дээ. Энэ үзэгдэл улс орнуудад тохиолдож байна. Зарим газар, Барселонад байх аа “Tourist go home” гээд хөдөлгөөн, жагсаал өрнөж байсан. Одоогоор манай улсад тэгж бухимдуулах хэмжээний олон жуулчин алга. Ирээдүйд магадлалтай. Жуулчны урсгал хэт их нэмэгдвэл төвөгтэй болно. Одоо дотоодын аялал жуулчлал зохион байгуулалтгүй, хараа хяналтгүй явж байгаагаас улбаалж, бохирдол, үнийн хөөрөгдөл, бензин тосны хомсдол гэдэг ч юм уу зарим зүйлсэд орон нутгийн зарим иргэд таагүй хандах нь бий шүү дээ.
–Тиймээс одоо сэргийлэх ёстой биз дээ? Бодлогоо зөв тодорхойлж, зөв хөгжүүлбэл ирээдүйн эрсдэлээс сэргийлж болно.
-Тийм ээ. Бодох ёстой асуудал шүү.
–Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээс өөр жуулчдад зарах бараа бидэнд алга. Жуулчдад санал болгох бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хэрэгтэй байна. Чихэр, амттан гэх мэт хурдан эргэлтэд ордог бүтээгдэхүүн бараг алга. Чихэр, шоколад үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрлэгч ганц, хоёр байна. Тэднийг аялал жуулчлалынхантай холбож өгөх шаардлагатай байх шиг байх юм.
-Хямд төсөр, авч явах боломжтой, эргэлтэд хурдан ордог бүтээгдэхүүн үнэхээр шаардлагатай байгаа. Өмнөговийн Баянзагт “Улалзах цонж” гээд орон нутгийн тусгай хамгаалалттай газар байгуулж, менежментийн гэрээгээр ажиллуулж байна лээ. Тэнд нутгийн иргэд жижигхэн тэмээний чихмэл хийж, жуулчдад зараад, нэг өрх жилд 20 сая төгрөгийн орлого олдог гэсэн мэдээ сонссон. Би оюутнуудтайгаа тус газарт намар аялсан. Тэгэхэд оюутан бүр 20-50 мянган төгрөгийн тэмээ, жижиг бэлэг дурсгал авч байгаа харагдсан.
-Монголчуудаа жуулчин гэж тоохгүй байна л даа. Дотоодын аялагчдыг яагаад орхиод байна вэ?
-Монголчууд нүүдэлчин удамтай болоод тэр үү аялах дадал өндөртэй хүмүүс. Зөвхөн гадагшаа аялсан хүмүүсийн статистикийг харахад, давхардсан тоогоор 10 хүний 7-8 нь аялсан байдаг. Аялал жуулчлалын гол зорилго бол гадаадаас валют олж ирэх. Гэтэл манайхан гадагшаа валют авч гараад байна. Энэ бол эдийн засаг талаасаа алдагдалтай. Тэр хүн юм үзэж, нүд тайлж байгаа гэдэг талаасаа зөв л дөө. Өвөл манайхан гадаад руу их аялдаг болсон байна. Үүнийг дагаад манай улс валютын хомсдолд ордог. Шинэ жил, Цагаан сар гээд том баяр үүнд бас нөлөөлдөг л дөө. Тиймээс дотоодын аялагчдыг Монголоор аялуулах боломжийг илүү нээж өгөх хэрэгтэй байна. Валютаа дотооддоо үлдээхэд, өвлийн аялал маш чухал. Мөсний баярт очдог жуулчдын 95-98% нь дотоодынхон байдаг. Саяхан Хэнтийд болсон “Талын түмэн адуу” баярт 20 гаруй мянган хүн очсон мэдээ байна лээ. Би ч бас очсон. Олны хөл ихтэй байсан.
-Манай улсад 61 орны иргэд визгүй ирэх боломжтой. Сүүлд 34 орны иргэдийг визгүй болгосон. Энэ нь жуулчдын тоонд нөлөөлж байна уу?
-Үүнийг нарийн судалгаагаар илрүүлэхгүй л бол баримжаагаар хэлэх боломжгүй. Мэдээж тооны хувьд авч үзвэл илүү олон оронд нээлттэй болж байгаа юм чинь нэмэгдэх л ёстой. Гэхдээ яаж нөлөө үзүүлсэн болохыг судалж, тоо баримтад дүн шинжилгээ хийж байж хэлэх боломжтой байх. Энэ мэт таны олон асуултад би хариулж чадахгүй байна. Энэ бол аялал жуулчлалын салбарт судалгаа дутагдалтай байгааг л харуулж байгаа юм.
Энэ салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлье гэвэл судалгаа шинжилгээг тасралтгүй хийж байх ёстой. Төрийн шийдвэр гаргах түвшний зарим хүн судалгааны үнэ цэнийг ойлгохгүй байгаа учраас манай салбар харанхуйд гэрэлгүй яваа хүн шиг тэнтэр тунтар яваа юм болов уу даа.
-Аялал жуулчлалын салбарт судалгаа маш их дутагдалтай байгаа юм аа даа.
-Тийм ээ. Судалгаа шинжилгээний ажлыг илүү эрчимжүүлэх, аялал жуулчлал судлалыг Монголд хөгжүүлэх асуудал туйлын чухал байна. Өнөөдөр салбарын цөөн багш, судлаачид өөр өөрийн хэмжээ, нөөц боломжоороо, бор зүрхээрээ бага сага судалгаа хийж байна. Төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд бас бага сага судалгаа хийж байна.
Сүүлийн үед шинжилэх ухааны салбаруудын судалгааны үр дүнг манай салбарын бүтээгдэхүүн болгох чиглэлд хамтран ажиллах туршлага солилцох боломж их болж байна. Тиймээс бид 2018 оноос эхлэн, жил бүр тухайн онд хийсэн судалгааны ажлуудын үр дүн, явцыг нийтэд таниулах, Монгол дахь аялал жуулчлал судлалыг нэг алхам урагшлуулах зорилгоор “Аялал жуулчлалын судалгаа” хэмээх салбарын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг жил бүр БОАЖЯ, бусад байгууллагатай хамтран зохион байгуулж ирсэн. Тус хурлыг маш олон хүн ирж сонирхдог. Тэдний олонх нь бизнес эрхлэгч байдаг. Тэдэнд тоо баримт, судалгаа, шинэлэг санаа ямар их хэрэгтэй байгаа нь үүнээс харагдаж байгаа юм л даа. Харин “Аялал жуулчлалын хөгжлийн бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргадаг ССАЖЗЯ-ны дарга нарт аялал жуулчлалын судалгаа ямар чухал болохыг яаж ойлгуулах билээ” гэж боддог шүү.