Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Уг өдрийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ ийн Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, олон улсын хүний эрхийн өдөр болгон зарласан түүхтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр арьс өнгө, үндэс угсаа, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж, хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол нь хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхэтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ. Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.