Ирэх 2025 оны эхний хагас жилд ЕХ-г даргалах Польш улс ЕХ-ны эрчим хүч, батлан хамгаалах салбар болон эдийн засгийн аюулгүй байдлыг голчлон анхаарлаа хандуулж ажиллах болно гэдгийг даваа гаригт мэдэгдсэн байна.
Энэ талаар Польшийн төлөөлөн ЕХ-нд суух Элчин сайд Агниешка Бартол хэлэхдээ “Цагаан Ордонд Д.Трамп ирж, Украины дайн үргэлжилж, ЕХ-ны шинэ комисс байгуулагдсантай холбоотойгоор аюулгүй байдлыг нэн тэргүүний асуудал хэмээн авч үзэх болно” гэжээ. Тэрээр Бельгийн нийслэл Брюссель хотноо байрлах Европын Бодлогын Төвийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Ирэх оны 1 сараас эхлэн ЕХ-г даргалан ажиллахдаа Варшавын зүгээс дээр дурьдсан аюулгүй байдлын асуудлуудаас гадна дотоод болон гадаад аюулгүй байдал, өрсөлдөх чадвар, хүнсний чанар, шаардлагатай эм бэлдмэл, хэрэглээний цахилгааны үнэ ханш зэрэгт анхаарлаа хандуулан ажиллах бөгөөд ялангуяа эрчим хүчний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг төрөлжүүлэх замаар бизнес, аж ахуй нэгжүүд болон иргэдийн зардлыг хэрхэн бууруулахад чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Дотоод, гадаад аюулгүй байдлын тал дээр Европын хилийн хамгаалалт, кибер аюулгүй байдал, гадны нөлөөллийн эсрэг тэмцэх, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, ЕХ-ны батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ. Өнгөрсөн онд Европын батлан хамгаалах салбарын төсөв 279 тэрбум еврод хүрч, рекорд тогтоож байсан ч ихэнх хэтийн төлөвийн судалгааны тайлангуудад үүнээс илүү төсөв хөрөнгө шаардлагатай гэдгийг тооцоолоод байгаа юм. Агниешка Бартол мөн үндсэн төсвөөс гадна санхүүжилтийн шинэ арга замыг олж нээх шаардлагатай байгааг онцолж, дан ганц ЕХ-ны төсвөөр Европын батлан хамгаалах хүчин чадлыг хангаж баталгаажуулах нь өрөөсгөл гэдгийг хэлсэн байна.