Утаатай улс төр


Олон улсын хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Хүн төрөхөөсөө язгуур эрхтэй тухай НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан нь бий. Мөн манай улсын Үндсэн хуульд хүн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэйг баталгаажуулсан. Гэвч хүний амьд явах язгуур эрх Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотод хангагдаж чадахгүй байна.

Гуравхан сая гаруй хүн амаа зөв бодлогоор хангаж, тулгамдаж буй асуудлыг нь шийдэх чадвар, сонирхол үе үеийн улс төрчдөд байсангүй. Өвөл болохоор яриад дулааны улиралд мартчихдаг гол асуудал бол хорт утаа, агаарын бохирдол. Ийм нөхцөлд амьдруулж, аажмаар биднийг хөнөөж буй үе үеийн УИХ болон Засгийн газар, Ерөнхийлөгч, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн цэцэд өгөх хэрэгтэй байна. Тэд бидний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь эрхийг ноцтой зөрчсөөр удлаа. Учир нь тэд бол бодлого тогтоож, шийдвэр гаргагчид. Утаа бууруулах олон улсын туршлага, шийдлийг оновчтой хэрэгжүүлж, үр дүнд хүрвэл хүрэхээр хангалттай хугацаа өнгөрөөд байна. Гэвч зуух, түлштэйгээ зууралдахаас хэтэрсэнгүй. Хэдэн жилийн өмнө сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, нэг өвөл нүдэнд харагдах утаагүй өвөлжсөн түүх бий. Тэр үед эрх баригч МАН-ынхан “Утааг яллаа” хэмээн хөөрцөглөж байсан юм. Гэвч мэргэжилтнүүд үзэгдэх утаа нь арилсан ч түлшний агаарт цацах хорт бодисын хэмжээ нэмэгдсэн тухай, иргэд толгой нь өвдөж эхэлснийг хэлж байв. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш олон зуун хүн угаартаж нас барлаа. Гэвч иргэд өөрсдөө зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс болсон гээд л өнгөрсөн.
Улаанбаатарт төрсөн 15-аас доош насныхан цэвэр агаарын тухай ойлголтгүй өсөж байгаа гэхэд буруудахгүй. Анхнаасаа хорт утаагаар амьсгалсаар хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүй аюулын ирмэг дээр ирээд байна. Улаанбаатарыг хөндлөнгөөс авсан гэрэл зургаас  бид ямар орчинд амьдарч байгаагаа тодоор харж болно. Гэвч хоосон гаслахаас өөр юу ч хийдэггүй, хэтэрхий  хүлцэнгүй ард түмэн юм, бид.

Харин “Ид шидийн орон” төслийг санаачлагч Ч.Ганжавхлан тэргүүтэй хэсэг залуу энэ сарын 6-8-нд Сүхбаатарын талбайд “Амьсгалмаар байна” хэмээн тайван жагсаал хийж, 100 мянган хүний гарын үсэг цуглуулан, утааг хэрхэн бууруулах, үүний талаар ямар ажил хийж буй, өнгөрсөн он жилүүдэд хэдий хэмжээний төсөв зарцуулсан зэрэг мэдээллийг тайлагнах хяналтын сонсгол хийлгэхээр болгож чадлаа. Сүүлийн хэдэн жилд утаатай тэмцэх зорилгоор 10 гаруй их наяд төгрөг зарцуулсан гэж буй. Гэтэл өөрсдийнхөө амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө хошуунаасаа өөр зүйл хөдөлгөдөггүй монголчууд дээрх залууг өнгөрсөн хэдэн өдрийн турш барьж идэх шахаж, хоёр талцан хэрэлдлээ.

Нэг хэсэг нь түүний хүүхэд хамгааллын салбарт сайн дураар өрнүүлж буй ажлыг өмгөөлж, сайн дураар биднийг төлөөлөн жагсаж буй гэсэн бол нөгөө тал нь “Үүгээр бизнес хийдэг, тайлангаа тавьдаггүй. Хэн нэгний захиалгаар л жагсаж байж таарна” хэмээн маргалдав. Уг нь сэдэв нь утааг бууруулж, амьд явах эрхийг хангах тухай. Гэтэл монголчууд Ч.Ганжавхлантай л “тэмцэв”.

Байгаа онохгүй хэрэлдэхдээ үнэхээр гарамгай, жинхэнэ өөрсдийнхөө эрхтэй холбоотой асуудлаар хонь шиг номхон суудаг хүмүүс. Энэ залуугийн амь насанд халдах тухай сүрдүүлж, элдвээр дарамталсан зурвас илгээж, илт МАН-ын талд ажилладаг “нөлөөлөгчид” буруутган яллалаа. Онц байдал зарлах тухай түүний сануулгын агуулга буруу эргэсэн нь үнэн. Уг нь сургууль, цэцэрлэгээ амрааж, онцгой нөхцөл үүссэнийг хүлээн зөвшөөрч, яаралтай арга хэмжээ авах тухай л шаардсан юм. Өөрсдийн хүслээр, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө залуус жагсах гэхээр улс төрийн захиалгат будилаан болгон өөрчилдөг хэсэг хүн бас бий. Энэ ёсоор дээрх жагсаалыг Засгийн газрыг огцруулах тийш хандуулах, будилаантуулах хүсэлтэй хүмүүс ч гарч ирлээ. Нэгэнт УИХ-аас утааны асуудлаар сонсгол хийхээр болсон тул жагсаалыг түр зогсоогоод байна. Гэхдээ Ч.Ганжавхланг сэтгэлээр унагаж чаджээ. Утаа бол улс төр юм байна гэдгийг ойлгосноо тэрбээр бичсэн байна лээ. Утааны эсрэг тэмцэхээр үүгээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлийнхний эрх ашиг хөндөгдөөд байдаг аж. Тиймээс л дуугарсан бүрийг чимээгүй болгож айлгах, сүрдүүлэх, нийгмийн сүлжээгээр гутаах бүх ажлыг хийдэг аж. Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл “Утаа хэнд ашигтай болохоор арилгахгүй байгааг олох ёстой. Жинхэнэ эзнийг нь олохын тулд мөнгийг нь л дага гэдэг. Ашигтай учраас утааг байлгаад байна. Засгийн газар сайн түлш хийж байсан хувийн үйлдвэрүүдийг дампууруулж, зогсоогоод төрийн монополь тогтоосон. 2012 оноос энэ үйл явц эхэлсэн. Тиймээс сүүлийн 12 жилд байсан Засгийн газрын гишүүдийг УИХ-аас зохион байгуулах сонсголд бүү оруул. Тэгээд л зарцуулсан мөнгийг нь хөөж ярилц” гэсэн байна лээ.

Өмнө нь утаагаар далимдуулан “Утааны эсрэг аав, ээжүүд” жагсаал зохион байгуулж, албан тушаал, мөнгө “хийсэн” хүмүүс байсан. Тиймээс иргэд хартай болсон нь ч үнэн. Гэвч жагсаал болгон зохион байгуулалттай, төлбөртэй байдаггүй. Хортой утаагаар чи, бид ялгаагүй амьсгалж, үр хүүхдүүд маань эрүүл мэндээ алдаж байна.

Тиймээс хүүхдүүдийнхээ төлөө залуус сайн дураар жагсаж болдог гэдгийг бас ойлгох учиртай. Ч.Ганжавхлан “Би асуудал хөндсөн байж болно, тэмцлийг харин та хийнэ ээ. Надтай тэмцсэн шигээ тэр агаарын бохирдлын газрын даргатайгаа тэмц л дээ. Тэд таны татварын мөнгөөр цалинжиж, хариуцлага хүлээгээд албан тушаал хашиж байгаа. Нэг тийм баатар хайж, түүнд хамаг юмаа даатгаад санаа амар луйвардуулж амьдардгаа боль” хэмээн бичжээ. Бид үнэхээр нэг гол дүр, баатар, манлайлагч хайж, түүндээ бүхнээ найдчихаад өөрсдөө буйдан дээрээ хошуу нэмэрлээд л суудаг улс. Уг нийтлэлийг уншиж буй хүмүүсийн хэд нь талбай дээр очиж, эрүүл мэнд, амьд явах эрхийнхээ төлөө үйлдлээр нэгдсэн бол. Хуруу дарам л гарна байх. Хүн бүр өөрсдийнхөө амьдралын төлөө гол дүр, баатар байдаг болж, утаагаар бизнес хийдэг төр, засагтайгаа тэмцэж, шаардаж сурвал л юмс өөрчлөгдөнө. Удахгүй УИХ-аас утааны эсрэг сонсголын товыг зарлана. Тэр үед сонсголыг бас “утааруулж” улс төр болголгүй, илүү хариуцлагатай хандахыг хичээе. Амьд явах эрхийнхээ төлөө өдөр бүр дуугарч, шаардъя.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *