Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг: “Энэ хэрэг 2022 оны арванхоёрдугаар сарын 3-нд болсон. Тухайн өдөр би хүүтэйгээ, дүүтэйгээ бас найзуудтай нь “Zu” гэдэг баараар үйлчлүүлсэн. Тэр үед зодоон болсон. Би зодооныг нь салгасан. Илүү хүнд байдалд орохоос урьдчилан сэргийлж би зодооныг нь салгасан. Хөлчүү,шал согтуу залуучууд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглээд явж байсан.Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал болох гэж хоёр жил болсон. Би ч гэсэн гэмтсэн хохирогч болсон. Харин хэргийн мөрдөгч дөрвөн удаа, прокурор хоёр удаа солигдсон.Хаанаас ямар зорилгоор солиод байсан нь тодорхой бус байгаа. Эцэст нь би өөрөө гэмт хэрэгтэн болчихоод сууж байна. Энэ бүхний цаана эдийн засгийн ашиг сонирхол байгаа юм уу эсвэл 2024 оны улсын их хурлын сонгуультай холбоотой ажиллагаа байсан уу гэдгийг хэлж мэдэх арга байхгүй.Шүүх хурлын үеэр тухайн эмэгтэй долоон шүдээ хугалуулсан гэж хэлдэг.Шүүхээс нэхэмжлэгч талын хохирлыг нэг сая хоёр зуун мянган төгрөг гэж үнэлсэн ч эмэгтэй тавин сая төгрөг нэхэмжилсэн. Би хоёр жил таг дуугүй явсны эцэст хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна.Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Хэвлэлээр буруутгаж байгаад ялтан болгодог тогтолцоотой би хэзээ ч эвлэрэхгүй” гэж мэдэгдлээ.