Яг л үхрээ хурааж байгаа юм шиг…


Хөдөөнөөс ирсэн ах, эгч хоёр маань дөрвөн настай хүүтэйгээ хамт гадуур явахад нь жолоо барих “даалгавар” оногдов оо. Анх удаа хотод ирж байгаа энэ жаалхан хүүд Улаанбаатарын юм бүхэн сонин, содон санагдсан байх. “Энэ юу вэ, тэр юу вэ. Ямар аварга том байшин бэ. Уул нь хаана байгаа юм бэ. Нар яагаад харагдахгүй байна аа. Хонь нь хаагуур бэлчиж байгаа юм бол…” гээд л ээж, ааваасаа тасралтгүй асууна.

Хэсэг чимээгүй сууж явснаа “Ингэхэд наашаа ирэхдээ өрхөө татсан бил үү. Хоёр банхрыгаа санаад л байна. Балжаа агаа үхрээ гүйцэд хураасан байгаа даа. Шаргын хэд олдсон болов уу…” гэж хөдөө гэртээ санаа тавих нь хэвлүүхэн гэж. Хүүгийн шулганасан хөөрхөн ярианд автаж “Өдий насны хот суурин газрын хүүхдүүд ээж, аавдаа эрхлээд л хэвтэж байгаа. Юун ингэж ар гэртээ санаа зовох. Хоолоо ч өөрөө олигтойхон идэж чадахгүй, ам руугаа халбагадуулаад сууж байна” гэсэншүү юм бодоод их хотын түгжрэл дунд гэлдэрч явтал өнөөх дөрвөн настан чинь арын суудал дээрээс цочтол дуугарч байна шүү. “Аав аа, энэ олон машинуудыг харсан чинь яг л үхрээ хурааж байгаа юм шиг” санагдчихлаа гэх нь тэр. Түрүүнээс хойш урдуур, хойгуур орох машинуудыг гярхай гэгч нь ажиглаж байсан тэрбээр их хотын замын хөдөлгөөнийг ингэж дүрслэв. Малчны хотноос ирсэн хөдөөгийн боргил хүү яг л өсч торнисон ахуйгаараа зүйрлэсэн байж таараа. Бэлчээрээс хэдэн үхрээ бөөгнүүлээд араас нь туухаар ганц нэгээрээ ийш, тийшээ оодгоноод салаад давхичихдаг даа. Эзэн нь хүүе, хаая гэж чангахан шиг орилонгуут буцаад сүрэгтэйгээ нийлнэ. Тэгвэл хотынхны замын хөдөлгөөнд оролцож байгаа байр байдал дөрвөн настай хүүхдийн нүдээр яг л ингэж харагджээ. Аль түрүүлж яваа эгнээ рүү нь гэнэт чихэж орж ирнэ. Эсвэл урд явж байсан машин гэнэт дохио өгөхгүйгээр хажуу тийшээ дарна. Тэгэнгүүт ард нь яваа жолооч сигналь өгөхөөр зогсчихно. Энэ бүх эмх замбараагүй үйлдлийг сүрхий анзаарч хэлсэн дөрөвхөн настны нүдээр манай жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох соёл мал шиг л харагдаж байгаа юм биш үү дээ.

М.Мөнхцэцэг


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *