Google компани квант компьютер тооцооллын шинэ супер чип бүтээснээ зарлан танилцуулаад байна. Тус компанийн мэдэгдсэнээр уг шинэ чип нь одоогийн хамгийн хурдан гэгдэх супер компьютеруудын 10,000,000,000,000,000,000,000,000 жилд шийдэх асуудлыг 5-хан минутын дотор шийдэх чадалтай гэжээ.
Квант компьютерын судалгаа болон хөгжүүлэлт нь электрон тооцоолуурын шинжлэх ухааны нэн шинэ үеийн салбар болон хөгжиж байгаа бөгөөд үндсэн санаа нь бөөмсийн физик дээр суурилсан хүчирхэг компьютерыг бүтээхэд оршиж байгаа юм.
Google компанийн зүгээс өөрсдийн бүтээсэн шинэ квантын чипээ “Willow” хэмээн нэрлэсэн бөгөөд квант компьютерын хэрэглээг улам өсгөн нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон нээлт болсон хэмээн онцлоод байна.
Гэвч салбарын эксперт, мэргэжилтнүүд “Willow” чипийг одоохондоо туршилтын шатандаа яваа төхөөрөмж гэж үзэж байгаа ба квант компьютерууд бодит амьдрал дээрх төрөл бүрийн асуудлуудыг шийдэж чаддаг болох хүртэл маш олон жил, мөн олон тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэдгийг тодотгожээ.
“Willow” квант чипийг зөвхөн яг энэхүү судалгаа, хөгжүүлэлтэд зориулан Калифорни мужид цоо шинээр барьж байгуулсан Google-ийн үйлдвэрт бүтээсэн байна. Мөн “Willow” квант чипийн судалгаа болон шинжлэх ухааны нээлт, ололт амжилтын тухай нийтлэл “Nature” сэтгүүлийн сүүлийн шинэ дугаарт нийтлэгджээ.