Засгийн газрын хороо, зөвлөлүүд замбараагаа алдаж байна


Төрийн албан хаагчдын тоо 2019 онд 198.463, 2020 онд 205.011, 2021 онд 208.864, 2022 онд 225.205 байв. Төрөөс цалин авдаг хүн жилээс жилд олширч байгааг Үндэсний статистикийн хорооны энэ тоо харуулна. Одоо төрийн 4239 байгууллагад  229.621 албан хаагч ажиллаж байна. Энэ зун болсон УИХ-ын сонгуулиас хойш 6 сарын дотор төрийн албан хаагч 6000-аар нэмэгджээ. Хамгийн том ажил олгогч нь төр байсаар байвал Монголд хэн үйлдвэрт ажиллаж, хэн татвар төлөх юм бэ? Бүгд л төрийн албанд шургахыг бодно биз дээ.

“Баян иргэдтэй, цомхон төртэй байхыг илүүд үзнэ” гэж одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 оны 10-р сард Ерөнхий сайд байхдаа УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлж байлаа. Ард түмэн хүлээсээр… Баяжсангүй. Ард түмэн харсаар… Төр цомхон болсонгүй. 2025 онд төрийн албанд шинэчлэл хийх гэнэ. Ээлжит мэхлэлт л биз дээ. Мэхлэгдсээр байгаад мэхлэлтийг андахаа больчихсон шүү дээ, ард түмэн.

Засгийн газар 2022 оны 9 дүгээр сарын 22-нд Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөл, Орчны бохирдлыг бууруулах үндэсний зөвлөл гэх мэт 22 хороо, зөвлөлийг татан буулгаж, 6 хороо, зөвлөлийг нэгтгэж, 13 хороо, зөвлөл, комиссыг сайдын мэдэлд үлдээжээ. Харин Төрийн бүтээмжийн үндэсний хороо, Хүний эрхийг хангах үндэсний хороо нэмж байгуулан, нийт 43 хороо, зөвлөл, комисстой үлджээ. Гэхдээ Засгийн газар татан буулгасан хороо, зөвлөлийнхөө тоог л олон нийтэд мэдээлээд, цаана нь хэдтэй үлдэж байгаагаа мэдээлээгүй юм.

Хийсэн ажлыг нь мэдэх нь байтугай нэрийг нь сонсоогүй хороо, зөвлөл зөндөө

Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсан тул Цахим хөгжлийн үндэсний хороог, Усны газар байгуулагдсан тул Усны үндэсний хороог тэр жил татан буулгажээ.
Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын 3 сайд ажиллах болж, тэдэндээ зориулан, үндэсний 3 хороо байгуулсан юм. Тэд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга гэдэг албан тушаалыг хашсан.

Харин 2024 оны 8-р сарын 7-нд “Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 21-р тогтоол гаргаж, зөвлөл, хороо, комиссыг 50 болгожээ. Ихэнх нь өмнө нь байсан, байгуулагдаад удаж буй хороод. Үүний 12 нь Ерөнхий сайдын, 5 нь ЗГХЭГ-ын даргын, 9 нь Шадар сайдын, 19 нь сайд нарын мэдэлд ажилладаг. Хийсэн ажлыг нь мэдэх нь байтугай нэрийг нь сонсоогүй хороо, зөвлөл зөндөө. Гайгүй мэдмээр аяддаг нь Улсын онцгой комисс. Цар тахлын үеэр олон нийт энэ нэрийг цээжилсэн байх. Наадам дөхөхөөр Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хуралддаг. Сүүлийн хэдэн жилд сэргээш хэрэглэсэн бөхчүүдээс болоод энэ нэрийг бөх сонирхогчид анзаарсан болов уу. За даа, бусдыг нь мэдэх нь байтугай нэрийг нь сонссон хүн цөөн дөө.

Төрийн бүтээмжийн үндэсний хороо гэж хүнд харуулахаар хийсэн ажилгүй нэг хороо бий. ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан энэ хороо 28 хүнтэй. Үүний 12 нь сайд. Бүтэц, бүрэлдэхүүнийг нь харвал төрийн бүтээмж төгсөрчихсөн байхаар.

Оюуны өмчийн газар гэж хэрэгжүүлэгч агентлаг байсаар байтал Оюуны өмчийн үндэсний зөвлөл гээчийг Ерөнхий сайд дэргэдээ 8 сайдтайгаар бий болгожээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй давхардуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэж байгуулсан байх юм. Залуучуудын асуудлыг Соёл, спорт, залуучуудын хөгжлийн яамандаа хариуцуулсан атлаа Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл бий болгож, Ерөнхий сайд даргалжээ. Яам, агентлагийн чиг үүрэгтэй давхардуулан байгуулсан хороо энэ мэтчилэн зөндөө. Хоёрхон үгээр нэрлэж болох байтал 6 үгээр сунжруулан нэрлэсэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныхаа чиг үүргийг Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороотойгоо давхардуулчихсан байх жишээтэй. Энэ хороо нэр шигээ нүсэр, 26 хүний бүрэлдэхүүнтэй.

Үндэсний хороо, зөвлөл, комисс юу хийдэг, ямар зориулалттай нь Эрчим хүчний хорооны төсвөөс тодорхой болж байна. Замбараагаа алдаж байгаа нь тодорхой. Гэтэл ийм 50 хороо байна гээд бод доо

Эрчим хүчний реформоо Эрчим хүчний яам нь хийж болох байтал Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо гээчийг бий болгожээ. Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан энэ хорооны дэд дарга М.Энхцэцэг, Ч.Анар, Ж.Золжаргал, Б.Найдалаа, С.Цэнгүүн, Д.Энхтуяа нарын 5 гишүүнийг нь УИХ-аас зөвшилцөн сонгожээ. Гэтэл энэ хорооноос С.Цэнгүүн гишүүн гарч буйгаа мэдэгдлээ. Энэ хороо 2025 онд сэтгүүлчдээр эрчим хүчний реформыг дэмжүүлэхэд 8 тэрбум төгрөг зарцуулах юм байна. С.Цэнгүүн гишүүн үүнийг эсэргүүцэн, тус хорооноос гарав. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Л.Жамбаа өчигдөрМанай хорооны төсөвт хэвлэл мэдээлэлд зориулсан 8 тэрбум төгрөг байсан. Энэ бол Сангийн яаманд зардлаа шинэчилж өгөөгүй төсөв. Одоо хэвлэл мэдээллийн төсөв 500 сая болсон” гэх тайлбар зүүв.

Үндэсний хороо, зөвлөл, комисс юу хийдэг, ямар зориулалттай нь Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны төсвөөс тодорхой болж байна. Замбараагаа алдаж байгаа нь тодорхой. Гэтэл ийм 50 хороо байна гээд бод доо. Тэр бүгдээр дамжуулан, төсвийн хэдэн төгрөгийг хэдүүлээ хувааж хүртэх юм бүү мэд.

Сонгуулийн өмнө “Шинэ хоршоо” хөдөлгөөн гээчийг сүртэй өрнүүлж, Засгийн газар баахан мөнгө зарцуулан, бийлэгжүү загнасан. Тэр ажлыг Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо гэх урт нэртэй байгууллага үргэлжлүүлж буй. Бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд С.Амарсайханы ахалдаг энэ хороонд төсөвлөсөн мөнгийг мэдмээр л байна.  

Үүнээс гадна олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллуулдаг хороод бий. Манай улс олон улсын 300-гаад гэрээ, конвенцод нэгдсэн. Түүний дагуу Хүний эрхийн хороо, Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хороо гэх мэт хороо байгуулан, ажиллуулдаг.

Үндэсний хороодын үндсэн ажлыг Ажлын алба гүйцэтгэдэг. Тэр нь 5-15 хүний орон тоотой. Ажлын албаны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгадаг. Дунджаар 1 хороонд 10 хүн ажилладаг гэж тооцвол Засгийн газрын 50 хороо, зөвлөл, комисст нийт 500 хүн байх нь.

Засгийн газрын үндэсний хороо, зөвлөл, комиссоос алийг нь хасаж, алийг нь хооронд нь нэгтгэх боломжтойг уншигч Та нягтлаарай.

Засгийн газрын үндэсний хороо, зөвлөл, комисс

  1. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хороо
  2. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
  3. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо
  4. Боловсролын үндэсний зөвлөл
  5. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо
  6. Гаалийн тарифын зөвлөл
  7. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл
  8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
  9. Допингийн эсрэг үндэсний зөвлөл (платформ)
  10. Дэлхийн өвийн үндэсний хороо
  11. Жендэрийн үндэсний хороо
  12. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
  13. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл
  14. Кибер аюулгүй байдлын зөвлөл
  15. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо
  16. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо
  17. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл
  18. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
  19. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл
  20. Олимп, паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
  21. Оюуны өмчийн үндэсний зөвлөл
  22. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл
  23. Сансрын бодлогын үндэсний зөвлөл
  24. Төрийн бүтээмжийн үндэсний хороо
  25. Улсын онцгой комисс
  26. Усны үндэсний зөвлөл
  27. Уур амьсгалын үндэсний хороо
  28. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо
  29. Үндэсний тээврийн хороо
  30. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл
  31. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл
  32. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл
  33. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо
  34. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл
  35. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл
  36. Хэмжил зүйн зөвлөл
  37. Цөмийн энергийн комисс
  38. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
  39. “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо
  40. Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороо
  41. “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
  42. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
  43. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөл
  44. Аж үйлдвэржилтийн үндэсний хороо
  45. 20 минутын хот үндэсний хороо
  46. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
  47. Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо
  48. Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо
  49. Боомтын сэргэлтийн үндэсний хороо
  50. Газрын шинэтгэлийн үндэсний хороо
  51. Алсын хараа 2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *