Дуучин Тэйлор Свифт 2 жил орчмын хугацаанд үргэлжилсэн “Eras” дэлхийн аялан тоглолтоо өнгөрсөн ням гаригт Ванкувер хотноо өндөрлүүлсэн талаарх мэдээллийг бид өмнө хүргэсэн.
Тэгвэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд түүний дэлхийн аялан тоглолтод оролцсон багийн бүх гишүүддээ тэрээр үндсэн цалин дээр нь нэмээд нийт 197 сая ам.долларын урамшуулал өгсөн тухай мэдээг Америкийн хэвлэлүүд цацаад байна.
Хөгжимчид, бүжигчид, дууны найруулагч, тайз засал, гэрэлтүүлэг, үсчин болон нүүр будагчид гээд зөвхөн хөгжим, тайзны алба гэлтгүй бусад арын албаны ажилчид болох ачааны машины жолооч, ачигч болон бусад туслах ажилтнууд, бараа бүтээгдэхүүний борлуулалт хариуцсан баг, хоол хүнс хариуцсан баг, пиротехник, видео дүрс бичлэг, ХАБЭА болон хамгаалалтын албаныхан гээд түүний дэлхийн аялан тоглолтод гар бие оролцсон бүхий л хүмүүст цалин хөлсөн дээр нь нэмээд урамшуулал олгосон хэмжээ нь 197 сая ам.доллар болжээ.
Тэйлор Свифт “Eras” дэлхийн аялан тоглолтынхоо хүрээнд 5 тивийн 21 улсад нийт 149 шоу тоглолтыг тухайн улс орны томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тавьсан бөгөөд Амеркийн “New York Times” сонины мэдээлснээр түүний аялан тоглолтыг нийт 10,168,008 хүн үзэж, тасалбарын борлуулалтын дүн $2,077,618,725 хүрснээр бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой аялан тоглолт болсон гэдгийг онцолсон байна.
Дэлхийн аялан тоглолтын энэхүү өндөр амжилтаас гадна дуучин бүсгүй энэ оны хамгийн өндөр амжилттай номоор тодорсон “Taylor Swift | The Eras Tour Book”-ийг хэвлэн гаргасан. Тус ном худалдаанд гарсан эхний хоёр өдрөө 814,000 хувь борлогдсон юм. Үүн дээр нэмээд тэрээр дуу хөгжмийн стрийминг үйлчилгээний Spotify, Apple Music, Amazon Music зэрэг томоохон платформуудын хамгийн олон удаа тоглогдсон уран бүтээлчээр тодорч, 2024 оныг амжилт дүүрэн хааж байна. Түүнчлэн 2025 оны 2 сард зохиогдох “Грэмми” наадамд тэрээр 6 төрөлд нэр дэвшээд байгаа ажээ.