Утаагүй болохыг хэнчиг л хүсч байна


Шинжлэх ухааны нэгэн эрдэмтэн өөрийн цахим хуудаснаа “Утааны үнэр бол авлигын үнэр юм. Утаанаас үүдэлтэй өвчлөл бол авлигажсан нийгмийн үр дүн юм” хэмээн жиргэжээ. Үнэн л дээ. Утаа бол үр дүн гэж бодвол утааны эсрэг тэмцээд, жагсаад байгаа хүмүүс үр дүнтэй тэмцээд байна гэсэн үг.

Юунаас болж утаажаад байгаа вэ гэдэгтэй л уг нь тэмцдэг бол гэж боддог шиг. Утаанаас гарах шийдэл, арга туршлага дэлхийд олон бий. Тэр олон арга туршлагын аль нэгийг шууд аваад хэрэгжүүлж болдоггүй юм уу гэсэн асуулт олон байдаг. Мэдээж шууд хэрэгжүүлж болно. Гэхдээ хэрэгжих хөрс, суурийг нь бүрдүүлж байж үр дүнд хүрнэ. Хөрс, суурь гэдэг нь мэдээж авлига, хүнд суртал, хариуцлагын тогтолцоо, шударга ёс. Тэгэхээр утаатай биш эхлээд авлигатай, авлигыг нь шударгаар тогтоож, шийтгэдэг хариуцлагын тогтолцоотой нь тэмцэх ёстой юм биш үү.

Гадаа хүйтэн байна. Энэ хүйтэнд цаг заваа гаргаад жагсаж, тэмцэж байгаа хүмүүсийн хүч хөдөлмөр үр дүнд хүрээсэй л гэж бодох юм. Тэмцэж болно, жагсаж болно. Ямар шалтгаанаар юуны төлөө, яаж тэмцвэл үр дүнд хүрэх вэ гэдгээ бид хаа хаанаа бодох л ёстой. Нэмээд хэлэхэд, өвөл болохоор хүйтэрнэ болно гэдэг шиг галаа өрдөж эхлээд нээрээ утаа гардаг билүү гэж цочицгоох юм.

Эцэст нь хэнчиг л утаагүй цэвэр агаарыг хүсч л байна…

Э.Мөнхтүвшин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *