Энхийг сахиулах ажиллагаанд 1 энгийн монгол хүн оролцож байна


НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх, бригадын генерал Г.Болор нар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад 2024 оны 12 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд ажиллаж, НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсын энхийг сахиулагч нарын үүрэг гүйцэтгэж буй нөхцөл байдалтай танилцлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 20 гаруй жил, түүний дотор UNMISS ажиллагаанд тасралтгүй 14 жил оролцож байна.

НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, Цэргийн зөвлөх, бригадын генерал Г.Болор нар тус улсын Жуба хотноо НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагааны дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Н.Хайсом, Хүчний командлагч, дэслэгч генерал М.Субраманиан болон удирдлагын бусад бүрэлдэхүүнтэй уулзаж, Юнити мужийн Бентью хотод байрлаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальон дээр ажиллав.

Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр эдгээр уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд НҮБ-ын холбогдох шийдвэрийн хүрээнд эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо, тоог бодитоор өсгөж буйг онцлон тэмдэглээд, НҮБ-аас хангадаг батальоны ажиллах, амьдрах байрны орчин нөхцөлийг сайжруулах, шинэчлэх боломжийг судалж үзэхийг хүссэн юм.

Мөн бусад байрлалд чиг үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагчид, алба хаагчдын амьдрах орчныг сайжруулах, хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд тус батальоноос гадна Монгол Улсын батлан хамгаалах салбарын 20 орчим алба хаагч, цагдаагийн 1 ажилтан, энгийн статустай 1 эмэгтэй ажиллаж байгаа бөгөөд цаашид монгол офицеруудын тоог өсгөх, ажиллагааны удирдлагын багийн түвшинд түлхүү ажиллуулах боломж, хэрэгцээ байгаа талаар санал танилцуулав.

НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагааны удирдлагууд Монгол Улсын цэргийн багийн үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвар, бэлтгэгдсэн бөгөөд хариуцлагатай байдал, бие даан үүрэг гүйцэтгэж байгаа штабын болон ажиглагч офицеруудын үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа онцолж байлаа.

НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, Цэргийн зөвлөх, бригадын генерал Г.Болор нар Юнити мужийн Бентью хотод байрлаж буй Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны хамгаалалтад байдаг дотоодын дүрвэгсдийн хуарангийн нөхцөл байдал, баазыг хүрээлсэн усан эргүүлийн үүрэг гүйцэтгэл, “Хубилай” баазаас 14.5 км зайд байрлах “Зэлмэ” баазын үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ нийт цэргийн алба хаагчтай уулзалт хийв. Энэ үеэр батальоны захирагч, хурандаа Д.Эрдэнэбилэг үүрэг гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *