Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “AM Best” агентлаг энэ сарын 4-нд “Үндэсний давхар даатгал” ХК-ийн ерөнхий санхүүгийн чадавхыг B, урт хугацааны зээлжих зэрэглэлийг BB+, цаашдын төлөвийг “Тогтвортой” гэж дахин үнэллээ. “Үндэсний давхар даатгал” компани нь олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагчдадаа хүргэдэг, хөрөнгө, эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэн ажилладаг, чадварлаг баг хамт олон гэдгээ дахин нотлон харууллаа. Санхүүгийн чадавхын хувьд “very strong” буюу “маш өндөр”, үйл ажиллагааны гүйцэтгэл, эрсдэлийн удирдлагыг “хангалттай” хэрэгжүүлэн ажилладаг гэж үзжээ.
“Үндэсний давхар даатгал” компани нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн даатгалын үйлчилгээг даатгалын компаниудтай хамтран орон даяар үзүүлж, байгалийн гамшигт үзэгдлийн сөрөг нөлөөнөөс малчин өрхөд учирч болзошгүй хохирлыг нөхөн төлөх замаар тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлж ажилладаг. Тус агентлагаас “2023-2024 онд Монгол Улсад зудын гамшиг тохиолдсоны улмаас малчин өрхүүдэд учирсан хохирлыг нөхөн төлөхдөө эрсдэлийн зохистой удирдлага, хөрөнгө оруулалт болон андеррайтингийн оновчтой зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд компанийн санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллаж чаджээ” хэмээн онцлон дурдсан байна.