Ойчид түймэр унтраах иж бүрэн хэрэгсэлтэй боллоо


БНХАУ-ын Олон улсын хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг (CIDCA)-ийн “Дэлхийн хөгжил ба Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн санхүүжүүлтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Монгол Улсад “Монгол Улсын ногоон сэргэлтийн бодлогыг дэмжих, ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслөөс 350 мянган ам.доллартой дүйцэхүйц гал унтраах тоног төхөөрөмж, хувцас, хэрэгслүүдийг Ойн газарт хүлээлгэн өглөө. Үүнийг 16 аймгийн ойн 700 нөхөрлөл, орон нутгийн ойн 37 ангийн 1,500 гаруй ойчинд зориулжээ.
Эдгээр нөхөрлөл, анги ойн түймэр унтраах анхан шатны нэгжтэй. Уг нэгжүүдэд дээрх төслөөс бүрэн хэмжээний сургалт явуулж, ойн түймрийн загвар зураг, менежментийн төлөвлөгөө боловсруулж, 2025 оны 2-р сард хүлээлгэн өгнө.

2020 оны байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 7.96 хувийг ойн сан бүрдүүлж байна. Үүнийг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 9 хувьд хүргэхээр зорьж байна. Гэтэл зөвхөн 2022 онд 1.64 сая га ой түймэрт өртжээ. Ойн түймрийн давтамж 2021-2023 онд нэмэгдэж, орон нутгийн иргэд, зэрлэг амьтан, ургамалд ноцтой аюул учрууллаа.

Гал түймэр унтраах анхан шатны нэгжүүд Монгол орны ойн бүсийн 30 гаруй хувийг хариуцан хамгаалдаг. Тэднийг чадавхжуулснаар ойн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань дээрх хэрэгслийг хүлээлгэн өгөхдөө “Ойн түймэр олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой аюул учруулж байна. 4,700 гаруй километрээр хиллэдэг чухал хөршүүдийн хувьд ойн түймэртэй тэмцэх нь БНХАУ, Монгол хоёр улсын хувьд чухал ач холбогдолтой. Тиймээс БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад гал түймэртэй тэмцэх чадавхаа сайжруулахад нь тууштай дэмжлэг үзүүлэх болно” гэв.

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Ой нь биологийн олон янз байдал, иргэдийн амьжиргаа болон экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг. БНХАУ-ын Засгийн Газрын дэмжлэгтэй тус төсөл нь орон нутгийн иргэд Монгол орны ойн санг хадгалан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудыг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *