Ажил үүргээ гүйцэтгэж явсан 54 сэтгүүлч амиа алджээ


2024 онд ажил үүргээ гүйцэтгэж явсан 54 сэтгүүлч амиа алдсаныг “Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) байгууллагаас мэдэгдлээ. Ялангуяа Газын зурвас болон зэвсэгт мөргөлдөөн гарч буй бүс нутгуудад ажиллаж яваад амиа алдсан сэтгүүлчдийн тоо сүүлийн таван жилд нэмэгдсэн гэдгийг дурдав.

Мөн Дэлхий даяар 550 сэтгүүлч шоронд хоригдож байгаа бөгөөд энэ тоо өнгөрсөн оноос 7 хувиар өссөн байна. Тодруулбал нийт хоригдож буй сэтгүүлчдийн тал хувь нь Хятад 124, Хонг Конгод 11, Мьянмар 61, Израиль 41, Беларусь 40 гэсэн 4 улсын шоронд хоригдож байгаагаас гадна энэ онд ОХУ-д 8 сэтгүүлч хоригджээ. Израилд Газын зурвасын дайн эхэлснээс хойш сэтгүүлчдийг байнга мөрдөн мөшгөж байгаа бөгөөд энэ онд гэхэд 17 хүн баривчилсан байна.

Амиа алдсан 54 сэтгүүлчийн 31 нь Ирак, Судан, Мьянмар, Украин, Газын зурвас, мөргөлдөөн дайны нөлөөлөлд өртсөн бүс нутагт ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэдгийг илтгэлдээ дурдав.

Энэ асуудлаар “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын Герман дахь салбарын удирдлагын гишүүн Аня Остерхаус “Хэвлэл мэдээллийн ажилтнуудын амийг хөнөөж, шоронд хорьж, хулгайлсаар байгаа хэрцгий хэргийг үйлдэгсдийг шийтгэлгүй өнгөрч байна. Бидэнд мэдээлэл дамжуулж байгаа хүмүүсийг бид хамгаалах ёстой” хэмээжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *