Г.Уянга: Эрчим хүч хязгаарласнаар хүний эрх зөрчиж байна


Эрчим хүчний реформын хүрээнд цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй бол энэ салбар үнэхээр сэхээнээс гарч чадахгүй мэтээр тайлбарлаж байв. Үр дүнд нь цахилгаан, дулааны үнэ ч нэмэгдэв. Хариуд нь эрчим хүчний хязгаарлалт өвөлжин үргэлжлэх бололтой. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлаач Г.Уянгатай ярилцлаа.

-Өвлийн цагт эрчим хүч ойр ойрхон тасалдаж байна. Энэ нь хүний эрхийн зөрчил мөн үү?

-Хөхөө өвлийн хүйтнээр айл өрх, албан байгууллагуудын цахилгааныг хязгаарлаж байгаа нь хүний эрхийн том зөрчил. Нэг ёсондоо хүн дулаан орон байраар хангагдах жам ёсны эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг. Цахилгааны хязгаарлалтад эрчим хүчээр дулаанаа шийдсэн айл өрх, албан байгууллага хамгийн их хохирч байна. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад эдгээр хүмүүс хувь нэмрээ оруулж, өртөг өндөртэй дулааны шийдлийг сонгосон. Гэтэл тэр дулааныг хангаж буй эх үүсвэрийг нь хаана гэдэг бол жам ёсны эрхийг зөрчиж байгаа хэлбэр юм. Тухайн орон байранд нялх нярай хүүхэд, магадгүй дутуу төрсөн хүүхэдтэй өрх байж болно. Тэд “Миний цахилгааныг тасалчихвал би яах вэ” гэдэг гаргалгаа хийж чадахгүй хүмүүс. Бас тэр гэрт тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй, ажилгүй иргэд байж болно.

-Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн хот. Ийм хотод өвлийн цагт хэзээ ч хамаагүй тог тасарч мэдэхээр болчихлоо. Хүйтний улиралд эрчим хүч хязгаарладаг практик олон улсад байдаг юм уу?

-АНУ-д өвлийн мораторийг ихэнх мужуудад нь дагаж мөрддөг юм билээ. Америкийн хүйтний улирлыг арваннэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд гэж үздэг. Энэ хугацаанд айлуудын цахилгааныг таслахыг хориглодог. Тухайн эрчим хүч түгээж буй компани хэчнээн авлагатай байсан ч айл өрхүүдийн тогийг тасалдаггүй. Яагаад гэвэл хүний эрхийг зөрчсөн асуудал болох учраас эрчим хүч түгээгч компанид ямар нэгэн давуу эрх олгогдохгүй. Орон гэр нь хөлдвөл хүний амь насанд ч аюултай гэж үздэг.

Ер нь хүйтний улиралд хүн осгож эндэх эрсдэл өндөр. Саяхан ЦЕГ аас хүртэл “Хүн гадаа 20 хэмийн хүйтэнд 20 минутын дотор осгодог. Тиймээс гадаа гудамж талбайд хэн нэгэнд тусламж хэрэгтэй байвал дуудлага өгөөрэй. Согтуу хөлчүү гээд битгий хажуугаар нь өнгөрөөрэй” гэсэн сэрэмжлүүлэг гаргасан даа. Цаад санаа нь хүйтний улирал хүний амь насанд шууд хохирол үзүүлнэ гэсэн тайлбар яваад байгаа юм. Төр цахилгаан түгээх асуудлыг бид хариуцна гэсэн хэрнээ нөгөө гараараа дулааныг нь тасалж хүний орон байрыг хөлдөх нөхцөл байдалд хүргэж байна.

-Төрд утаатай тэмцэх шийдэл үнэхээр алга. Сайжруулсан түлш нэртэй хороор ард түмнээ хордуулж дууслаа гээд нийгэм бухимдалтай байна. Харин иргэд эрвийх дэрвийхээрээ утаатай тэмцэж, өвлийн цагт дулааны асуудлаа цахилгаанаар шийдэж байгаа. Гэтэл идэр есийн хүйтнээр эрчим хүч хязгаарлаад байвал буцаад нүүрсний хэрэглээндээ шилжихээс өөр замгүй. Ингэхэд төрд гэр хорооллын янданг цөөлөх бодлого байна уу. Та энэ асуудалд судлаачийн хувьд яаж харж байна вэ?

-Төрийн бодлого нь оновчтой биш байна. Саяхан нийслэлийн нэг дэд дарга нь “Зуухыг зээлээр олгоно” гэсэн гарчигтай постерыг нийгмийн сүлжээнд явуулж байсан. Төрийн үндсэн санаа нь зуухыг дэмжиж байна гэсэн үг. Гэтэл нөгөө талд нь иргэд утааг бууруулах гээд ялтсан бойлуур тавиад цахилгаанаар дулаанаа хангаж байна. Хэрэв цахилгаан тасалбал тэдгээр айл өрхүүдэд ямар хор уршигтай вэ гэдгийг төр огт мэдэхгүй байна. Энэ талын бодлого юу ч алга. Нөгөөтэйгүүр хөхөө өвлийн хүйтэнд хүнийг дулаан орон байрнаас нь албадан гаргах эрх хэнд ч байхгүй. Энэ тухай хуулинд маш тодорхой заасан байгаа. Яагаад гэвэл бид олон улсын хүний эрхийг хангах конвенцэд 1974 онд элссэн орон. Харин төр эрчим хүч хязгаарласнаар иргэдийн амьдралын шугамыг тасдаад байгаагаа ойлгохгүй байна. Цахилгааны төлбөрөө төлөөгүй айлуудын тогийг урьдчилж мэдэгдэлгүйгээр шууд тасалчихдаг байж болохгүй. Тэгсэн хэрнээ тог тасарсанд иргэд буруутай гэж чичилдэг. Үүнийгээ нийгэмд ойлгуулахдаа “Тогны мөнгөө төлдөггүй айлуудаас болж хот даяараа харанхуй сууж байгаа” гэх маягаар итгүүлээд байгаа юм. Тэгвэл Улаанбаатарт яг тог хэрэглэдэггүй өрх хэд байгааг гаргаж ирсэн судалгаа байна уу. Хүн болгон гар утсаа цэнэглэхээс авахуулаад тогны хэрэглээнд орж байгаа. Үнэн хэрэгтээ төр дарангуйллын бодлого явуулж буйгаа зөвтгөх гэсэн л арга байх. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК дээрэнгүй бодлого явуулаад байгаа нь манай өмнөх нийгэмтэй холбоотой гэж хардаг. Коммунизмын үеийн нийгмийн байгууллагын соёл нь одоо болтол ардчилсан нийгэмд оршсоор байна шүү дээ. Утааг багасгах гээд цахилгаанаар дулаанаа шийдье гэсэн хүмүүсийг эргээд ташуурдаад байгаа юм.

Нэг ёсондоо нүүрсний хэрэглээгээ дэмжээд байна. Цахилгаанаар дулаанаа шийдсэн айлууд мэдээж гүний худгаар усны хэрэгцээгээ хангана. Тог тасрангуут дулаан зогсоно, худаг хөлдөнө. Хөлдсөн усаа дагаад шугамнууд нь бүгд тас хөлдөж, хагарна. Ингээд худгийн мотор нь эвдэрнэ. Усыг дээш нь шахаж байгаа мотор дунджаар нэг сая төгрөгийн үнэтэй. Тэгэхээр цахилгаанаар шийдэх гэсэн хүмүүсээ санхүүгээр болон орон байрны тухтай байдлаар шууд хохироож байна. Дээрээс нь бага насны хүүхэдтэй айлууд олон бий. Тог тасарч гэр, байшин нь хөрөөд даарснаас болж эрүүл мэндийн зардал гарна. Төр энэ бүгдийг цогцоор нь харж шийдэл гаргах ёстой. Гэвч төр менежмент дээр очингуутаа коммунизмын үеийн бодлогоор яваад байгаа юм. Шийдэл нь цахилгаан түгээхийн станцуудаа хувьчлах шаардлагатай. Төрийн мэдэлд монополь болчихсон, ямар ч салхи оруулдаггүй. Цахилгаанчид нь яг арми шиг болчихсон. Төлбөр төлөөгүй айлуудын тогийг тасалъя гэдэг ийм янагласан бодлого хэрэггүй.

-Эрчим хүчний реформ хийж, хувьчлахгүй бол энэ салбар элгээрээ хэвтлээ гээд эхний ээлжинд тогны үнэ нэмсэн шүү дээ. Гэтэл өвөлжин тог таслахаар боллоо гэдгээ мэдэгдсэн. Цахилгааны үнэ нэмж зүгээр л ард түмнээрээ тохуурхаж байна уу?

-Төрийн бодлогын алдаа. Магадгүй тог таслах байсан юм бол яах гэж үнийг нь нэмсэн юм бэ гэж иргэд бухимдаж байгаа байх. Бид цахилгаанаа авч буй эх үүсвэрүүдээ алаглуулах хэрэгтэй. Олон эх үүсвэртэй болох ёстой. Тэгвэл зах зээлийн өрсөлдөөнөө дагаад үнэ нь буурна. Зөвхөн Оросоос эрчим хүч аваад байх юм бол тус улсын хараат байдалд л улам орно. Төр өөрийн гэсэн ямар нэгэн шийдэл гарах бодолгүй байгаагийн илрэл. Хуучны Зөвлөлтийн менежментээр хэдий болтол ажиллах гэсэн юм бэ. Хүний эрхийн мэдрэмжгүй үеийнхээ соёлоор өнөөдөр ардчилсан нийгэмд үйлчлээд байгаа нь харамсалтай.

Манай улс цахилгаан гаргах хангалттай нөөцтэй. Уран, байгалийн хий байж болж байна. Эрчим хүчний нүүрс хангалттай бий. Ийм баялаг нөөцөө ашиглах тал дээр улс төрийн шийдвэр гаргахгүй байгаа нь сонин.

-Ингэхэд эрчим хүчний гэнэтийн хязгаарлалт нийгмийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ?

-Энэ бол маш чухал асуудал. Хөхөө өвлийн хүйтэнд эрчим хүч гэнэт хязгаарлаад иргэн хоорондын хэрүүл болгочихож байх жишээтэй. Одоо хэдүүлээ “Танайх тогны мөнгөө төлөөгүй байна” гэж нийгмээрээ хэрүүл хиймээргүй байна. Бид дэмий л хагаралдахын нэмэр.

Эцсийн дүндээ бидний ийм байдал хөршүүдэд л хамгийн ашигтай. Ер нь цахилгааны хязгаарлалт нийгэмд тодорхойгүй байдал үүсгэчихэж байгаа юм. Ойр ойрхон гэнэт олон цагаар тог таслангуут нийгэмд эмх замбараагүй байдал бий болж байна л даа. Жишээлбэл, цэцэрлэгийн багш нар “Хүүхдүүдээ аваарай” гээд ажлын цагаар аав, ээжүүдийг сандаргаж байна. Цахилгаанаар дулаанаа шийдсэн айлууд даарч бээрэхээс гадна хоол, цайгаа яаж хийх вэ гэдэг нөхцөл байдал үүснэ. Нэг нэгэндээ яаралтай газ аваад ир гээд захисан постууд нийгмийн сүлжээнд хөвөрлөө. Энэ бүгдээс харахад цахилгааны хязгаарлалт онцгой байдал үүсгэчихэж байгаа юм. Өдөр тутам ажил, алба, хүүхдүүдийн сургууль цэцэрлэг нь тогтвортой байж тэр хүн үндсэн ажилдаа төвлөрнө. Сүүлийн хоёр хоногт тог тасрахаар хүмүүст шууд стресс нэмсэн. Стресстэй хүний бодох чадамж нь гар чийдэн тусгаж байгаа юм шиг хумигддаг. Тэр хүний бүтээмж болон ямар нэгэн байдлаар орлого олох тэр бүх боломж нь зогсонги байдалд орчихож байгаа юм. Гэтэл дүүрэг, дүүргээр нь ээлжилж тог тасалснаар нийгмийг бүлгээр нь стресст оруулж байгаа юм. Хүн санхүүгийн чадамжтай байхын тулд ажлаа стрессгүй хийх ёстой. Стресст ороод байгаа хүн чинь хөдөлмөрийн чадвараа алдана. Жишээлбэл, Австралид хөдөлмөрийн чадвар алдуулж байгаа гурван том хүчин зүйлийн нэг нь сэтгэцийн эрүүл мэнд байдаг. Энэ нь сэтгэцийн өвчтэй биш, стресстэй, гутралтай, ирээдүй нь тодорхойгүй болж байгаа нөхцөлд орсон хүнд илэрч буй шинж тэмдэг. Яг үүнтэй адил тог тасрахад багш нар “Би яах вэ, тог нь хэзээ ирэх юм бол” гээд бүтэн бүлгээрээ хямарч эхэлж байгаа юм. Ээж аавууд “Одоо яана аа” гээд ажлаа цалгардуулна.

-Стресстэй нийгмийн хамгийн том аюул нь юу вэ?

-Гадны зөөлөн хүчний бодлогод автана. Амьдралдаа, ирээдүйд итгэлгүй болно. Саяхны нэг судалгааны дүнг сонирхуулъя л даа. Хотын эмэгтэйчүүдээс “Маргааш гадагшаа цагаачлаад явах боломжийг ашиглах уу” гэхэд 66 хувь нь ямар ч эргэлзэлгүйгээр “Тэгнэ” гэж хариулсан. Ингэж хүнийг шийдтэл нь стресстүүлэх ямар хэрэгтэй юм бэ. Энэрэнгүй ардчилсан нийгэм хаана байна вэ.

М.Мөнхцэцэг


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *