Facebook болон Instagram-ийн толгой компани болох Meta-гийн зүгээс АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампын тангараг өргөх ёслолын санд 1 сая ам.доллар хандивласан талаараа лхагва гарагт зарлажээ.
Meta компанийн тэргүүн Марк Цукерберг өнгөрсөн сард Д.Трампын Мар-а-Лаго амралтын сувиллын газарт очин, түүнтэй оройн зоог барьж, хоорондын эв түнжингүй харилцаагаа шинэ тутамд сэргээсэн гэж хэлж болно.
Д.Трампын хувьд өмнө нь Марк Цукерберг болон түүний нийгмийн сүлжээний платформд асар их шүүмжлэлтэй хандаж, 2017 онд Facebook-ийг “Трампын эсрэг үзэл баримтлалтай” хэмээн цоллож байсан юм.
Тэгвэл 11 сарын тэрхүү оройн зоогноос хойшоо Трамп, Цукерберг нарын харилцаа сайжраад байгаа нь ийнхүү тангараг өргөх ёслолын санд Meta компани 1 сая ам.доллар хандивласан үйл явдлаас харагдаж байна.
Meta компани ерөнхийлөгч Ж.Байденыг 2020 онд тангараг өргөх үед, эсвэл түүний өмнө 2016 онд Д.Трампыг тангараг өргөх үед иймэрхүү хандив өгч байгаагүй юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын сан гэдэг нь аливаа шинэ төрийн тэргүүнийг албандаа орох үед болдог элдэв арга хэмжээнүүдийг зохион байгуулах зардалд зарцуулагддаг, хандив тусламжаар босдог хөрөнгийг хариуцдаг сан бөгөөд хувь хүн, албан байгууллагууд шинэ төр засагт тал засах нэг хэлбэр ч гэж үздэг юм.
АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ирэх оны 1 сарын 20-ны өдөр тангараг өргөж, албандаа орох болно.