Харвал хальс, үзвэл үнс болдог ажлыг хороо, зөвлөлүүд хийдэг


Засгийн газрын хороо, зөвлөл, комиссууд юу хийдгийг мэдэх хүн олон нийтийн дунд байхгүй ч юу хийдгийг нь мэдэрч байна. Тэд ч мэдрүүлж байна. Жишээ татъя. Эрчим хүчний яам гэж 102 жилийн түүхтэй байгууллага байдаг атал Эрчим хүчний зохицуулах хороо гэж бас нэг байгууллага бий. 2001 онд Эрчим хүчний тухай хуулийн дагуу байгуулагдсан Эрчим хүчний зохицуулах газрыг 2012 онд Засгийн газар 49 дүгээр тогтоолоор хороо болгожээ. 23 жил үйл ажиллагаа явуулж буй энэ хороо өнгөрсөн хугацаанд яаж ажилласан, юу хийсэн болоод өнөөдөр Монгол даяараа лаа, шүдэнз хэрэглэхдээ тулав? Цахилгаан үйлдвэрлэхээс түгээх хүртэлх үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй энэ хороо сайн ажилласан учир бид одоо лаа барьж сууна уу, муу ажилласан болоод лааны гэрэлд тэмтчиж явна уу? Хариулт 2 талтай л байх.

Энэ хороог үе үеийн Ерөнхий сайд нар удирдаж, санаснаараа байлгаж ирсэн юм. Одоо ч энэ хороо Ерөнхий сайдын мэдэлд бий. Цахилгаан хариуцдаг ийм 2 байгууллага байсаар байтал Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо гээчийг сонгуулийн дараа бий болголоо. Тэрийгээ улсын төсвөөр санхүүжүүлж, хэвлэлд зориулсан гэх нэрийдлээр 8 тэрбумыг төсөвлөж өгөөд, баригдмагцаа 500 сая болгоод байж байна.

Хуульгүй хороо, зөвлөл байгуулж, 1 хүнд 4.5 сая төгрөгийн цалин өгч байна

Хуулиар байгуулсан хороод нь ийм байхад хуульгүйгээр бий болгосон нь ямар байх нь ойлгомжтой л доо. Засгийн газар хуульд заагаагүй 40 гаруй хороо, зөвлөл байгуулж, улсын төсвийн мөнгийг үрж байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэдэн гишүүнтэй хамт илрүүлжээ. 1 ажилтан нь сард дунджаар 4.5 сая төгрөгийн цалин авдгийг тэр зарлав. Монголчуудын дундаж цалингаас бараг 2 дахин их цалин авдаг гэсэн үг. Ямар ажил хийсэн болоод тэд ийм цалин авдаг юм бол гээд харахаар хийсэн ажил нь үзэгддэггүй ээ. Үзвэл үнс, харвал хальс болчихдог ажлыг чухам тэд хийдэг бололтой юм.

Тухайн асуудлыг хариуцсан яам байсаар байтал хажууд нь хороо, зөвлөл байгуулж, төсвийн мөнгийг үрэх хэрэг Ерөнхий сайдад байж л дээ. Төрийн албанд тэнцээгүй төрөл төрөгсдөө, арын хаалгаараа оруулдаг ачитнуудаа тэнд төвхнүүлсэн юм даг уу даа. Тэрийг нь мэдсэн сайд нартаа ч тийм боломж олгосон юм байж. Тийм байдлаар Монголд эдүгээ үндэсний гэх тодотголтой 50 хороо, зөвлөл, комисс бий болжээ. Ганцхан ажил хийхийн тулд 5 алба байгуулчихсан хороо, зөвлөл, комисс ч бий. Тэдгээрт хуримтлагдсан асуудал сонсгол зохион байгуулахаар хэмжээнд хүрч, бугшсан байна.

Үүнийг мэдсэн УИХ-ын гишүүд Засгийн газарт зөрчлөө арилгах хугацаа өгчээ. Зөрчлийг арилгах ёстой. Арилгах ч байх. Сонсгол дээр яригдаж, орон даяар  булхайгаа дэлгүүлье гэж хэн хүсэх вэ дээ. Тэгээд л өнгөрөөх үү? Иргэний үнэмлэхээ гээсэн гэж хүнийг 30 мянган төгрөгөөр торгодог, Зөрчлийн хууль гэж айхтар хуультай орон атлаа хуулиас гадуур агентлаг байгуулж, төсвийн мөнгийг үрсэн хүмүүст хариуцлага тооцохгүй юм уу? Тэгэх нь л дээ.

Ганц гишүүний орон тоо баталж өгтөл хэлтэс болгож томруулжээ

Хүний эрхийн үндэсний комиссоор шишээ татъя. Энэ комисс 2020 онд ХЭҮК-ын тухай эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй болжээ. Гэтэл өнөөдөр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй болчхож. Ганц гишүүн нь хэлтэс болтлоо томорчээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг үүнийг мэдээд цочив. Тэр “ХЭҮК-ын тухай хуулийг бичсэн хүний хувьд би ийм юм хийгээгүй. Энэ юу болж байна аа” хэмээн гайхаж суув. Тус комисс 2025 онд 188 сая төгрөгөөр байр түрээслэхээр төсөвлөжээ. Үүний 78 сая нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн байр түрээслэх зардал юм байна. ХЭҮК Засгийн газрын 12 дугаар байранд 600 ам метр талбайтай байр түрээсэлж байгаад, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулснаар байрандаа багтахаа больжээ. Ингээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авч, 2024 оны 11 дүгээр сарын 1-нээс уг хэлтсээ тусад нь гарган, 200 ам метр талбайтай өөр байр түрээсэлж өгсөн байна.

Хороо, зөвлөл, комиссууд ингэж томордог, данхайдаг ажээ. Хуулиар 1 ажилтантай болгочихвол хэдхэн жилийн дараа хэлтэстэй болчихдог юм байна.

Хуульгүй байгууллагуудаа татан буулгасангүй

Үндэсний хороо, зөвлөл, комисст УИХ-ын гишүүн, сайд нарыг оруулчихдаг. Орчихсон ч байгаа. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл гэхэд 12 сайдтай. Шүүж үзэхэд, гайгүй мөнгөтэй хороо, зөвлөлд сайд нар олуулаа ордог бол төсөв багатайд нь бараг алга. Яагаад ингэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэж байгаа байлгүй. Тэр “Үндэсний хороо, зөвлөл гэдэгт УИХ-ын гишүүдийг авлигадах байдлаар оруулдгаа зогсоо” гэж шаардав.

Сайдын ажлыг хавсран гүйцэтгэж, давхар дээл өмсөхгүй л бол УИХ-ын гишүүн өөр ажил үүрэг гүйцэтгэх хориотой. Үндсэн хуульд энэ тухай заачихсан байхад олон гишүүн хороо, зөвлөл, комисст орж, Үндсэн хууль зөрчин, эргүүлэн татуулах нөхцөлөө өөрөө бүрдүүлсээр байна. Гэвч үүнийг анзаарч, эргүүлэн татах тухай хөндөж байгаа хэн ч алга. Үндсэн хуулиа ч мэддэггүй нөхөд УИХ-ын гишүүн болчихсон, юм юманд тууж явах юм даа.

Салбар дундын зохицуулалт гэж юмыг манай сайд нар ярьдаг. Шадар сайд Т.Доржханд “Ногоон шилжилт хийхэд Эрчим хүчний яаманд хүний нөөц байхгүй. Тиймээс Эрчим хүчний үндэсний хороо салбар дундын зохицуулалтын хүрээнд ажиллаж байна” гэж ярив. Эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засаг, эрчим хүч гэх мэт салбарынхан яагаад хоорондоо, нэгэнтэйгээ хамтарч ажиллаж чаддаггүй юм бол? Сонин. Эдгээр салбарын дунд явдаг, хооронд нь холбодог, зуучилдаг дундын байгууллага байгуулахгүй л бол хоорондоо ажлаа уялдуулж чаддаггүй юм гэнэ. Тэгээд дундын зохичуулагчтай болсноор дээрдсэн юм, хийсэн ажил бас л алга. Тэд зохицуулдаг байсан бол өдийд бид лаа, шүдэнз хайж, гааз бэлтгэж явахгүй байх байлаа. Зохицуулаагүй учраас Монгол Улс орон даяар цахилгааны хязгаарлалтад орж, монголчууд 1990 оны харанхуй үе рүүгээ буцчихаад байна.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан ч Засгийн газрыг салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороо гэдэг байгууллага бий болгосныг шүүмжилж байгаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар ийм замбараагүй, хуульгүйгээр байгуулсан хороо, зөвлөл, комиссыг татан буулгах асуудал хөндөгдөхөд дэмжээгүй байх юм. Олон нийтэд үр ашиг нь наалддаггүй эдгээр байгууллага тэдэнд унацтай, ашигтай болоод л татан буулгахгүй байгаа биз дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *