Францын дотоод улс төрд олон сарын турш үргэлжилж байгаа тодорхойгүй байдал, үймээн самууныг өндөрлүүлж, улс төрийн тогтвортой байдлыг эргэн сэргээхийн тулд ерөнхийлөгч Э.Макрон тус улсын шинэ ерөнхий сайдыг баасан гаригт зарлах болно хэмээн Элисейн ордноос мэдэгдсэн байна.
Өмнөх ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар явагдсан парламентын санал хураалтын үр дүнд Мишель Барнье-г албан тушаалаас нь огцруулснаас 8 хоногийн дараа Францын төрийн тэргүүн Э.Макрон шинэ ерөнхий сайдын нэрийг зарлахаар боллоо.
Тэрээр он гараад ЕХ-г хагас жилийн хугацаанд даргалахаар болоод байгаа Польш улсад нэг хоногийн хугацаатай богино айлчлалыг пүрэв гаригт хийгээд байгаа юм.
Э.Макроныг өнгөрсөн зун парламентын ээлжит бус сонгуулийг зарлан явуулснаас хойш Францын улс төрийн орчин гацаанд ороод байгаа бөгөөд тэрээр өнгөрч буй энэ 2024 онд 4 дэх ерөнхий сайдыг нэрлэн томилох гэж байна.
BFMTV-гийн иргэд, сонгогчдын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 61 хувь нь дотоод улс төрийн энэхүү үймээн самууны байдалд санаа зовниж байгаа талаараа хариулжээ.
Э.Макроны хувьд 2027 он хүртэл буюу бүрэн эрхийн хугацаагаа дуустал төрийн тэргүүний албаа хаших болно гэдгээ М.Барнье-г огцруулсны дараа хийсэн мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн юм. Түүний хувьд өөрийг нь хугацаанаас нь өмнө огцруулчихгүй, найдвартай, тогтвортой засгийн газрыг байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд тэрээр дээрх асуудлаар хэт зүүний LFI намын дарга Жан-Люк Меленшон болон хэт барууны Үндэсний Хөдөлгөөн намын дарга Марин Ле Пен нартай хэдийнээ уулзаад амжсан байна. Ажиглагчид түүнийг зүүн төвийн намуудтай хамтран шинэ засгийн газар байгуулах, аль эсвэл түүний нэрлэн томилсон шинэ ерөнхий сайдыг огцруулахгүй байх амлалт, гэрээ байгуулах болов уу гэж таамаглаж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт огцроод байгаа ерөнхий сайд Мишель Барнье шинэ ерөнхий сайдыг томилох хүртэл түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ба түүний оронд томилогдох магадлалтай улс төрчдийн тоонд MoDem намын дарга Франсуа Баяру, Батлан хамгаалахын сайд Себастьен Лекорну, ерөнхий сайд асан Бернар Казенёв нар багтаж байна.