Гүржийн ерөнхийлөгч С.Зурабишвили шинээр томилогдсон төрийн тэргүүнийг шүүмжилжээ


Өнгөрсөн бямба гаригт Гүржийн парламентад явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үр дүнд тус улсын шинэ төрийн тэргүүнээр хөл бөмбөгчин Михейл Кавелашвили тодорсон бөгөөд одоогийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили түүнийг ерөнхийлөгчөөр сонгосон явдлыг “ардчиллыг доромжилж, доог тохуу хийсэн явдал боллоо” хэмээн шүүмжлээд авсан байна.

Нийт 300 суудалтай Гүржийн парламентад эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам бүрэн хяналтаа тогтоосон байдаг гэхэд хилсдэхгүй бөгөөд бямба гаригийн санал хураалтад нийт 225 гишүүн оролцсоны 224 нь М.Кавелашвили-г дэмжжээ. Мөн тэрээр цорын ганц нэр дэвшигч байсан байна.

Ийнхүү өмнө нь хөл бөмбөгчин байсан М.Кавелашвили Гүрж улсын дараагийн төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа бөгөөд тэрээр спортын ертөнцөөс зодог тайлснаасаа 10 жилийн дараа буюу 2016 оны сонгуулиар “Гүржийн мөрөөдөл” намын жагсаалтаар парламентын гишүүнээр сонгогдон орж ирж байсан юм. Тэрээр 2022 онд “Ард түмний хүч” хэмээх улс төрийн хөдөлгөөнийг байгуулж, “Гүржийн мөрөөдөл” намтай эвсэн, хамтран ажиллах болсон байна.

Харин өнөөдөр төрийн тэргүүний 6 жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа ерөнхийлөгч С.Зурабишвили парламентад явагдсан дараагийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг хууль бус хэмээн тодорхойлж, төрийн тэргүүний албан тушаалаасаа буухгүй гэдгээ мэдэгдээд байна.

Ерөнхийлөгч С.Зурабишвили, ЕХ-нд гишүүнээр элсэх явдлыг дэмжигч Гүржийн сөрөг хүчний намууд өнгөрсөн 10 дугаар сард болсон парламентын сонгуулийн дүн болон тус сонгуулиар олонх болсон “Гүржийн мөрөөдөл” намын гишүүдээр дүүрсэн парламентын чуулганы үйл ажиллагааг бойкотлож, саналын хуудсыг дахин тоолохыг шаардсаар байгаа юм.

Түүнчлэн сөрөг хүчний намууд С.Зурабишвили-г төрийн тэргүүн гэж үзсээр байх болно гэдгээ мэдэгдэж байгаа бол өнгөрсөн бямба гаригт төрийн тэргүүнээр сонгогдсон М.Кавелашвили-гийн тангараг өргөх ёслол энэ сарын 29-нд товлогдсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *