Ням гаригт ОХУ-ын газрын тос тээвэрлэгч хоёр ачааны усан онгоц далайн шуурганы улмаас Керчийн хоолойд осолдон живсэн талаар тус улсын төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн байна.
Газрын тос тээвэрлэгч “Волгонефть-212” ачааны усан онгоцонд хөлгийн багийн 13 гишүүн зорчиж явсан бол “Волгонефть-239” усан онгоцонд 14 багийн гишүүн явсан бөгөөд хоёр усан онгоцны ослын улмаас нэг хүн амиа алдаж, тээвэрлэж явсан их хэмжээний газрын тосыг далайн усанд асган бохирдуулаад байгаа ч мэргэжилтнүүд хохирлын хэмжээг тогтоохоон ажиллаж байгаа хэмээн холбогдох албаныхны зүгээс мэдээлжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр дээрх хоёр усан онгоц хамтдаа 9000 тон мазут тээвэрлэж явсан байна.
Керчийн хоолой нь Оросын эзлэн авсан Крымын хойгийг ОХУ-ын газар нутгаас салган заагладаг хоолой бөгөөд Азовын тэнгисийг Хар тэнгистэй холбодог олон улсын далайн ачаа тээврийн гол зам юм. Мөн 2014 онд ОХУ Крымын хойгийг эзлэн авч, газар нутгийнхаа бүрэлдэхүүнд оруулсны дараагаар энэхүү хоолой нь Орос, Украины хоорондох зөрчил, маргааны гол шалтгааны нэг болж байсан билээ.