Тархины яаралтай мэс засалд орсон Бразилын ерөнхийлөгч эмнэлгээс гарчээ


Тархиндаа цус алдсан шалтгаанаар өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт тархины яаралтай мэс засалд орсон Бразилын ерөнхийлөгч Лула да Силва ням гаригт эмнэлгээс гарсан байна.

Өдгөө 79 настай ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тэрээр Сан Паулу хотын Сирио-Либанес эмнэлэгт зохиогдсон хэвлэлийн бага хуралд эмч нарын багийн хамт оролцжээ.

Тэрээр “Би талархал илэрхийлэх гэж энэхүү хэвлэлийн хуралд сууж байна. Юун түрүүнд намайг харж хандсан бурхан тэнгэртээ талархаж байна, миний бие эрүүл саруул болсон учраас гэртээ харьж, ажилдаа орж, улс орноо удирдахад бэлэн байна” хэмээн хэлжээ. Тэрээр эмнэлгээс гарсан ч пүрэв гариг хүртэл эмч нарын хяналтанд байх ба пүрэв гаригт нийслэл Бразилиа хот руу буцаж, үүрэгт ажилдаа эргээд орох ажээ.

Бразилын ерөнхийлөгчийн эмч нарын багийн зүгээс түүнийг маш түргэн хугацаанд эдгэрч байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна. Лула да Силва өнгөрсөн 10 дугаар сард өөрийн оршин суудаг Алворада ордонд унасны улмаас толгойдоо гэмтэл авч, тухайн үед оролцох ёстой байсан БРИКС-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад очиж оролцоогүй юм. Тэгвэл тухайн үед толгойдоо авсан гэмтлээсээ болж тархиндаа дотуур цус алдалттай байсан нь даваа гаригт толгойн хүчтэй өвдөлтөөр илэрч, улмаар мягмар гаригийн үүрээр яаралтай хагалгаанд орсноор тархинд цус харвахаас сэргийлж чадсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *