УИХ-ын баасан гаргийн чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлав. Энэ нь нэлээд хардлага дагуулсан төсөл байлаа. Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан уг хуулийн төсөлд намууд дүрэм, хөтөлбөр, зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд нийцүүлж өөрчлөх хугацааг 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар тусгасан байсан юм. Тэгвэл УИХ уг хугацааг наашлуулж, 2025 оны арванхоёрдугаар сарын 31 болгон өөрчилж баталсан байна. Одоо дахин гоншигнох эрх намуудад үгүй. Бүх шатны байгууллагын гишүүдээсээ саналыг нь сонсож, төслөө боловсруулан их хурлаараа батлах үүргийг тэд хүлээж буй.
Гэхдээ үүнээс өмнө юу болоод өнгөрөв.
Засгийн газраас уг төслийг яаралтай горимоор өргөн барихдаа Ерөнхийлөгчийн сонгууль дуустал намуудад ямар ч хөдөлгөөн хийлгэхгүй байхыг хүссэн юм. Учир нь 2027 оны зургаадугаар сард бид дараагийн Төрийн тэргүүнээ сонгоно. Ингэснээр тэр болтол хамтарсан Засгийн газар хамгаалалтад үлдэх байв.
Уг Засгийн газрыг бүрдүүлж буй нэг гол нам болох АН-аас тэдний хувь заяа хамаарах гээд байсан хэрэг. АН-ынхан хэрэв их хурлаа хийвэл дарга Л.Гантөмөрийг огцруулж, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд намаа ялуулж чадаагүйн хариуцлагыг тооцох юм. Тэгвэл хамтарсан Засгийн газар оршин тогтнох баталгаа үгүй болно. Тиймээс АН-д ямар нэг хөдөлгөөн хийлгэхгүй байх сонирхол Л.Гантөмөр болон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд бий. АН-ын энгийн гишүүдийн дунд хамтарсан Засгийн газарт багтахаас илүү хүчтэй сөрөг хүчин байх нь зөв гэсэн байр суурь давамгайлдаг. Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хамгаалах, мөн хамтдаа тохирсон бас бус ажлуудаа үргэлжлүүлэхийн тулд хуулийн хэрэгжилтийг 2027 оны намар болтол хойшлуулахыг МАН-ын дарга хүссэн байх нь. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох нь эдгээр тохирооны нэг хэсэг гэж хэвлэлүүд мэдээлж буй. Эл төлөвлөгөө нь “ногоон гэрэл”-ээр бүтнэ гэж бодсон ч замдаа саадтай учрах нь тэр.
Юуны өмнө хамтарсан Засгийн газарт багтаж буй АН-ынхан даргатайгаа санал нийлсэнгүй. УИХ дахь АН-ын бүлэг нь дээрх хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Яагаад заавал гурван жилээр хэрэгжилтийг сунгах гээд буйг тэд хардаж, бас хамтарлаа гээд хуулиа мөрдөхөө болино гэсэн үг биш хэмээн сануулсан юм. Тэгмэгц гуравдагч хүчний зарим намын дарга Төрийн ордонд мэдээлэл хийн, “Уг хуулийн төслийг дэмжиж байна, хугацааг хойшлуулах хэрэгтэй. 2024 онд сонгууль гээд юу ч хийж амжсангүй” гэсэн хариуцлагагүй, бас тэнэг тайлбар өгсөн юм. Энэ нь АН-ын УИХ-ын гишүүдийн хардлагыг баталлаа. Араас нь Засгийн газар “Парламентад суудалгүй намуудаас хуульд ийм өөрчлөлт хийхийг хүссэн” гэсэн тайлбар тавив. Эндээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр намаар шалтаглан дээрх зорилгоо хэрэгжүүлэхийг хүссэн юм байна гэж харагдсан нь нууц биш. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны долоодугаар сард баталсан. Долоон нам хуулийн хугацаанд амжаад өөрчлөлтөө хийж, материалаа Дээд шүүхэд хэдийн өгчихсөн. Гэвч бусад нам нь амжаагүй юм бол тэдний хариуцлагагүйнх, нөгөө талаар шалтаг болгосон хэрэг.
Дээрх хуулийн төслийн хугацааны товыг гайхаж, эргэлзсэн гишүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Парламентад суудалгүй намуудаас өөрчлөлтөө хийж амжих хугацааг ингэж санал болгосон. Бид тэднийг сонсохоос аргагүй. Үгүй бол эвлэлдэн нэгдэх эрхэд халдсан гээд асуудал үүсэж мэднэ” гэсэн бөөрөнхий тайлбар өгч, “Гэхдээ УИХ хэлэлцүүлгийн явцад хугацааг нь өөрчилж болно шүү дээ. Намууд бол хариуцлагагүй байгаа нь үнэн” гэсэн билээ. Үнэнд нийцэхгүй тайлбар байсан учраас УИХ-аас уг төсөлд тусгасан хэрэгжих хугацааг нь Засгийн газрын хүссэнээр гурван жилээр биш, нэг жилээр хойшлуулан батлаад байна.
Хуулийг хэлэлцэх явцад улс төрийн намуудын хариуцлагын талаар бас нэлээд асуудал хөндсөн юм. “Амжихгүй байна” хэмээн дурын хэдэн нам хүсэлт гаргах төдийд л хуулиа өөрчлөөд байж болохгүй. Тиймээс дахин хугацаа сунгах тухай яриа байхгүй гэдгийг гишүүд сануулсан. Нэг жилд багтаж өөрчлөлтөө хийгээгүй намуудыг Дээд шүүх мэдээж бүртгэхгүй. Мөн хоёроос дээш сонгууль өнжсөн намуудыг идэвхгүйд тооцох юм. Хаа хаанаа хариуцлагаа ухамсарлах, нам байгуулсны гол зорилго, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, үгүй бол татан буугдах сонголт намуудад үлдэж байна. Харин Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийг биш ч ирэх он дуустал хамгаалалттай болов.