Mango брэндийг үүсгэн байгуулагч ууланд авирч яваад эндэж, 71 насандаа таалал төгслөө


Испанийн хувцас загварын Mango брэндийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Исак Андик өнгөрсөн бямба гаригт Барселона хотын ойролцоох ууланд авирч яваад ангал руу унан эндэж, 71 насандаа таалал төгсчээ.

Испанийн El Pais сонинд бичсэнээр Исак Андик эхнэр, хүү болон бусад гэр бүлийн гишүүдийн хамт ууланд авирч явахдаа эгц хадан хавцал руу 150 орчим метрийн өндрөөс унаж, аврах баг, онцгой байдлынхныг дуудсан гэжээ.

Mango брэндийг үүсгэн байгуулагч Исак Андик нь 1953 онд Туркийн Истамбул хотноо еврей гэр бүлд төрж, 14 настайдаа Испанийн Каталони мужид нүүж ирж байсан бөгөөд тухайн үеэс худалдаа наймааны авьяас нь тодорч, 17 настайдаа хар зах дээр хувцас худалдаж эхэлжээ. Удалгүй тэрээр хувцасны дэлгүүр нээснээр загварын салбарт хөл тавьж байсан байна. Исак Андик 1984 онд Барселона хотын Пасео де Грациа гудамжинд анхны дэлгүүрээ нээснээс хойш түүний Mango брэнд өнөөдөр дэлхийн 115 улсад нийт 2743 салбар дэлгүүртэй, дэлхийн томоохон брэнд болтлоо хөгжсөн юм.

Түүний алсын хараатай бизнесийн стратеги төлөвлөгөө, удирдан манлайлах чадвар нь Mango компанийг олон улсын загварын томоохон компаниудын нэг болгоод зогсохгүй мөн түүнийг Испанийн хамгийн баян чинээлэг хүний нэг болгосон байна. Нийт 4.5 тэрбум еврогийн хөрөнгөтэй Исак Андик золгүй байдлаар нас барахаасаа өмнө Испанийн тэрбумтнуудын жагсаалтын тавд бичигдэж байжээ.

Мөн тэрээр олон улсын зөвлөх үйлчилгээний “Family Business Institute” байгууллагын ерөнхийлөгч, хувцас загвар-соёлын “Prado Museum” болон Каталон мужийн Үндэсний урлагийн музейн итгэмжлэгдсэн гишүүний ажлыг давхар гүйцэтгэж байсан байна.

Түүнийг таалал төгссөн явдалд Испанийн ерөнхий сайд Педро Санчез, Каталон мужийн засгийн газрын тэргүүн Сальвадор Илла, Mango компанийн гүйцэтгэх захирал Тони Руиз зэрэг улс төр болон бизнес, хувцас загварын салбарын олон эрхмүүд эмгэнэл илэрхийлжээ.

Сүүлийн хагас жилийн хугацаанд Mango брэндийн орлого харьцангуй өсөж, 1.5 тэрбум еврогийн борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6.3%-ийн өсөлтийг үзүүлээд байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *