“Зуурсан жонхуугаа өтгөрүүл” гэсэн чинь уснаас нь жаахан авсан болоод, буцаагаад гал дээр тавьчихлаа. 2025 оны төсвийг алдагдалгүй болгохыг Засгийн Газраас Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд шаардсан. Түүний дагуу 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгов. Харвал 2.1 их наядаар багаслаа. Алдагдлыг бууруулсан уу? Бууруулсан. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа үүнийг том дэвшил гэж онцолно лээ. Энэ бол УИХ-ын гишүүдийн сэтгэл ханасны шинж. Харин ард олны сэтгэл ханаагүй шүү.
УИХ ердөө 3 сарын өмнө 2024 оны төсвийн тодотголд “2025 оны төсөв 32.9 их наяд байна” гээд баталчихсан. Тэгсэн ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа үл тоож, 2025 оны төсвийг 36 их наяд болгож, тодотголд тусгаснаасаа ихэсгэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөхөөр УИХ-д хамт оруулж ирээд, батлуулчихсан. Үүнийг нь УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавимагц ердөө 2.1 их наядаар багасгаж, сэтгэлийг нь цатгав. Уг нь гишүүд 3.6 их наядаар багасгахыг шаардсан. Тэд шаардсан хэмжээгээрээ төсвийг танаж болох байсан ч тэгсэнгүй. 1.9 их наядын алдагдалтай төсвийг алдагдалгүй болгож, нэмж 200 тэрбумыг хасаад л гүйцээ. Засгийн газрын хонь бүтэн, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн сэтгэл цатгалан үлдэв.
Засгийн газрын хонь бүтэн, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн сэтгэл цатгалан үлдэв
Ингэхийг нь эдийн засагчид мэдэж байлаа. Эдийн засагч, доктор Р.Даваадорж манай саитад улсын төсвийн талаар ярилцлага өгөхдөө “Наадуулын чинь занг би мэдэж байна. Яг 1.9-өө биш, 2.1 гэсэн болгоод оруулаад ирнэ. Уг нь 5 их наядыг хассан ч болохоор юм наад төсөв дотор чинь байгаа” гэсэн юм. Яг л түүнийхээр боллоо. “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй ээ” гэж.
За яах вэ, алдагдалгүй болгосон нь их юм гээд алга ташиж болох ч тэгж чадахгүй нь. Ажил хийдгийг нь боомилсон төсөв гэж эсэргүүцнэ. Аж ахуйн нэгжүүд, хувь над дээр ирж буй татварын дарамтыг бодохоор яаж алга таших юм. Эсэргүүцэж л таарна.
2022 онд аж ахуйн нэгжүүдээс 2 их наяд төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн бол дараа жил 7.5 их наядыг авах нь. Бараг 4 дахин нэмлээ. ХХОАТ буюу та биднээс шууд авдаг татвараа 2.9 их наяд төгрөг болгож, 2.5 дахин нэмлээ. Бидний халааснаас шууд бусаар авдаг НӨАТ-ыг 2 дахин нэмж 3.4 их наяд болголоо. Талх, гурил, мах гээд ямар ч бараа авахад үнэ дээр нь нэмж биднээс авдаг энэ татвараар өмнө нь 1.5 их наядыг улсын төсөвт цуглуулж байсан юм. Түүндээ тэд цадсангүй.
Идэх тусам ходоод, гэдэс нь улам сунаж, илүү ихийг залгих болов. Гэтэл бид “Ямар их иддэг юм бэ” гэж загнах, гайхахын завсарт хэлчхээд, тэднийг хооллоод суугаад л байна. Тэдний гэдэс хагарахгүй. Арьс гэдэг гайхалтай сунах чадвартай эрхтэн. Харин бидний халаас хоосорно. Жилээс жилд сунаж байгаа тэр том гэдсийг дүүргэж дөнгөх үү, бид? УИХ, Засгийн газар “Чадахгүй гээд та нар яадаг юм” гээд л улсын төсөв батлах бүртээ биднээс ХХОАТ, ААНОАТ, НӨАТ гээд баахан мөнгө авахаар тооцож, биднийг өгөхийг шаардаж сурлаа. Бүр даварлаа. Бид давраалаа.
Алдагдалгүй болгосон нь их юм гээд алга ташиж чадахгүй нь
Төр улам түнтийж, засаг улам задарч байхад эсрэгээрээ аж ахуйн нэгжүүд агшиж, иргэдийн халаас нимгэрсээр байна. 2025 оны төсөв үнэндээ эдийн засаг дахь төрийн оролцоог улам тэлж, хувийн хэвшлийн орон зайг тэр хэрээр хумьчихлаа. 2022 онд 248.831, 2023 онд 234.519, энэ оны эхний хагас жилд 245.753 аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байв. Бизнес хийх хүсэлтэй хүн цөөрч байгааг үүнээс харж болно. Төр, засаг хавсран, татвараар дарамтлаад байхад яалтай ч билээ. 2022 онд 91.811, 2023 онд 96.815, энэ оны эхний хагас жилд 99.138 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулжээ. 2-3 аж ахуйн нэгжийн 1 нь дөнгөн данган ажиллаж байгааг энэ баримт харуулна. Томоохон аж ахуйн нэгжүүд л цаг сайхан байхад сууриа сайн тавьж чадсан болохоор одоо арай ганхахгүй байна.
Тэгвэл 2022 онд 157.020, 2023 онд 137.704, энэ оны эхний хагаст 146.615 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсангүй. Статистикийн бизнес регистрийн сангийн энэ мэдээллийг шүүж үзвэл манай улсад бизнес эрхлэх боломж маш хомс, аж ахуйн нэгжүүд арайхийн ажиллаж, үүдээ нээсэн нь удалгүй хаалгаа хааж байгааг харуулна.
Ирэх жил Монгол Улс 3 их наяд 562 тэрбум төгрөгөөр ард түмнээ халамжилна. 2016 онд нийгмийн халамжийн сангаар дамжуулан зорилтот бүлэгт 285 тэрбум төгрөг тараасан бол 2025 онд үүнийг 12 дахин нэмэв. Халамжлуулах сайхан учир хэн ч халамжаас татгалздаггүй. Тийм ч учир халамжаар ядуурлыг шийдсэн улс Дэлхийд алга. Зүгээр суугаад халамжлуулахыг хүсэгчид улам л нэмэгддэгийг манай улсын халамжлуулагчид ч харуулж л байна.
Тэднийг халамжлах мөнгийг хаанаас гаргах вэ? Татвар төлөгчдийн халаасыг тэмтэрч, газар доорх баялгаа ухаж л тэр мөнгийг олно. Ойлгомжтой. Харин татвар төлөгчид хуруу хумсаа хугалж олсон мөнгөөрөө бусдыг зүгээр халамжлахыг зөвшөөрөхгүй. Газрын доорх баялаг ч Үндсэн хуулиар ард түмний өмч учир татвар төлөгчид ч түүнийг хамаагүй тараахыг дэмжихгүй.
Ажил хийснийг нь чардайлгаж, зүгээр суусныг нь тэтгэдэг ийм бодлого монгол хүнээс гарч, манай засаг зүтгүүлж, Монголын төр баталсан гэхэд үнэмшимгүй. Дээр хэн байна аа? Арай…