Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “ Хөгжлийн банкны” гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзсэн.
Шүүхийн шийдвэрээр анхны 126 гишүүнтэй парламентаас хоёр гишүүн дахин гэм буруутай эсэхээ шалгуулах бол нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал шийдлээ хүлээж байна. Тодруулбал, Улсын дээд шүүх Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзсэн.
Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Монроуд” ХХК-д давуу байдал олгосон хэргийн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаатай холбоотой үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар урьдчилсан дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзсэн билээ.
Иймд прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д зээл олгосон гэх хэрэгт холбогдуулан шалгасан. Хоёр шатны шүүхээс цагаатгасан хэргийг Улсын дээд шүүхээс дахин шалгахаар болсон юм.
УИХ-ын гишүүн М.Найдалааг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шалгасан. “Бэрэн групп”-д 22.7 сая ам.доллар зээл олгохыг дэмжиж, тогтоол гаргаж байсан нь хэрэгт татагдах үндэслэл болсон. Түүнийг Анхан болон Давж заалдах шатны шүүхээс цагаатгаад байсан ч Улсын дээд шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж дүгнэснээр дахин шалгуулах болсон юм. Мөн Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон.
Д.Цогтбаатар нь УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас нийт 56 орчим мянган сонгогчийн санал авснаар парламентын гишүүнээр сонгогдсон. Тэрээр нийгмийн сүлжээнд шууд дамжуулалт хийж, олны танил болсон АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү юм. УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэж заасан байдаг.
Хуулийн дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, улмаар холбогдох байнгын хороо түүний асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан, санал хураалтаар шийдэх юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдсан ч Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг албан ёсоор хэлэлцээгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр албан томилолттой байгаа аж. УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар томилолттой байгаа гэх мэтчилэн Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлын талаар мэдээлэл өгөх албаны эх сурвалж олдсонгүй.
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Надад ирсэн мэдээллээр сонгуулийн дараагаас л энэ асуудал яригдаж эхэлсэн. Шүүхээс улстөржсөн шийдвэр гаргасан гэж бодож байна. Үнэхээр ийм асуудалтай байсан бол яах гэж сонгуульд нэр дэвшүүлсэн юм бэ. Гараад ирснийх нь дараа ийм асуудал яригдаж байгаад таатай хандахгүй байна.
Монголын төрд өнгө нэмж, шударгаар ажиллаж байгаа залуу улс төрч. 2025 оны төсөв, төсвийн хориг дээр маш сайн ажиллаж, эсэргүүцсэн таван гишүүний нэг” хэмээн хэлэв. Тэрээр мөн “УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон Н.Батбаяр гишүүн асны, мөн Б.Найдалаа гишүүний асуудал эргэж байгаа юм билээ. Харин эсрэгээрээ МАН-ын гишүүдийн асуудал цагаадаж байдаг. Ямар их ялгавартай байдал гаргаж байна вэ. Манай тойргийн шилдэг залуу боловсон хүчнийг гэм буруутайд тооцож эцэслэн шийдвэрлэснийг эсэргүүцэж байна” гэсэн юм.
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал хэлэхдээ “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад бид ямар нэгэн байдлаар хэн нэгнээ буруутгах нь ардчилсан нийгмийн хувьд зүй зохисгүй асуудал. Бид дээд шүүхийн гаргасан тогтоол шийдвэрүүдийг аваад, процессын асуудлыг үзэж харж энэ талаар ярилцах байх. Дээд шүүхийн тогтоол эцэслэн гараагүй учраас бид энэ талаар ямар нэгэн хариу өгч, зөв бурууг шүүх зохисгүй л дээ. Мэдээлэл албажаад ирэхээр бид харж байгаад хэний зөв, хэний буруу вэ, яах вэ ийх вэ гэдэг асуудлаа шийднэ.
Засгийн газрын хурлаас гаргасан шийдвэрүүд дээр Ерөнхий сайдыг буруутгана гэдэг Монгол Улсын шүүхийн тогтолцоонд ухралт болсон үйлдэл. Н.Алтанхуягт холбогдох хэрэг цагаадаад хэрэгсэхгүй болсон. Харамсалтай нь, асуудал дээр эргэж буцаж байна. Засгийн газрын гаргасан шийдвэр Монгол Улсын төрийн эцсийн шийдвэр. Үүнийг хэн нэгэн биш, тухайн кабинет нийтээрээ гаргадаг. Тэгэхээр энэ асуудал дээр улс төрийн хувьд эргэж харах асуудал зайлшгүй байна. Шүүх ийм байдлаар шийдвэр гаргасныг улс төр орсон байх магадлалтай л гэж бодож байна” гэв.
Д.Эрдэнэ