Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаж, хүн амыг ундны усаар хангадаг худгуудын талаар хэлэлцлээ. Тус аймгийн төвийн хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Хөвсгөл ус суваг ХХК” цэвэр усаар хангадаг. Тус компани гүний 5 худагтай. 4-р худгаас ундны усны 51 хувийг олборлодог аж. Энэ худгийн цооногт гэмтэл гарч, төвлөрсөн шугам сүлжээнээс ундны усаар хангагддаг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ундны усны хомсдолд орох эрсдэл үүсжээ. Тус аймгийн Онцгой комисс худагт гарсан гэмтлийг түргэн засахыг холбогдох албаны хүмүүст даалгаж, шаардлагатай бол ундны усны шинэ худаг гаргах үүрэг өглөө.